Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-05 14:46:42

Үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах 52 дахь удаагийн барилдаан Дорноговь аймгийн Сайншанд хотод энэ сарын 03-наас 04-нд боллоо.Тэмцээнд Орхон, Баян-Өлгий аймгаас бусад 19 аймаг,  есөн дүүргээс шалгарсан 16, 17, 18 насны 80 гаруй өсвөрийн бөх уран мэх, авьяас чадвараа сорин  барилдсан юм.

 16 насанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат,  сумын заан Н.Өсөхбаяр тэргүүн байрт шалгарсан бол удаах байрт Өмнөговь аймгийн БТСГ-ын бөх Т.Дашжамц, Хан-Уул дүүргийн Ж.Жавхлан нар шалгарав. Харин 17 насны ангилалд өсвөрийн улсын шонхор, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харъяат Чингэлтэй дүүргийн бөх аймгийн арслан Б.Лхагвадорж түрүүлж өсвөрийн улсын хошой аварга болсон бол  удаах байруудад Баянхонгор аймгийн БТСГ-ын бөх Ч.Алтангэрэл, Хан-Уул дүүргийн бөх Л.Лхагвагэрэл нар  шалгарав.

18 насанд өнгөрсөн хоёр жил 16,17 насанд түрүүлээд байсан Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харъяат аймгийн начин Б.Бат-Эрдэнэ  нэг ч уналгүйгээр түрүүлж алтан медаль хүртсэн бол, Сэлэнгэ аймгийн Х.Наранбаяр, Чингэлтэй дүүргийн  Б.Түвшинтөгс нар мөнгө, хүрэл медаль хүртлээ. Харин багийн дүнгээр Ц.Шийрэв дасгалжуулагчтай Чингэлтэй дүүргийн баг  тэргүүн байрт, Монгол Улсын начин Б.Адъяахүү дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийн баг удаах байрт, Б.Энхтөр дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн баг гутгаар байрт шалгарсан юм.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд