Их Багш Чин Хайн хөгжимт жүжгийг хөдөөгийн үзэгчдэд толилууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-08-31 15:14:49

Олон улсын хэмжээнд Төгс Гэгээрсэн Их Багш хэмээн нэрлэгдэж буй Чин Хайн яруу найраг, шүлгүүдээс сэдэвлэн бүтээсэн  “Аниргүйхэн нулимсыг хайрлахуй” дэлхийн шилдэг хөгжимт жүжгийг Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хархорин хотноо 8 сарын 25, 28-ны өдрүүдэд иргэдэд толилууллаа.

Дуу хөгжим, бүжиг, яруу найргаар дамжуулан энх тайван, амар амгалан, эв нэгдэл, хайр, эерэг сайн сайхан бүхнийг хамтдаа цогцлоох зорилго бүхий энэхүү мюзикл нь билиг ухаан, дотоодын амар амгаланг эрж байхдаа саад бэрхшээлтэй учирч буй үнэнийг эрэлхийлэгчийн аяллыг харуулсан юм. Уг мюзиклийг Тони шагналын эзэн Винсент Петерсоны найруулга, Оскарын хоёр удаагийн шагналт хөгжмийн зохиолч Ал-Кашагийн зохиомжоор бүтээсэн бөгөөд дөрвөн Академийн, 15 Грэммийн, гурван Тони, зургаан Эмми шагналын эзэд болох Броудвейн одод тоглосон байна.

Анх АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотын Шрайн Аудиторм театрт 2012 оны 10-р сарын 27-ны өдөр ганцхан удаа толилуулснаас хойш дэлхийн олон улс оронд хөгжимт жүжгийн дүрс, аялгууны эх бичлэгийг өөрсдийнх нь хэл дээр хөрвүүлэн хүмүүст хүргэсээр байгаа аж.

Чин Хайн Олон улсын Нийгэмлэгийн Улаанбаатар дахь төвөөс Арвайхээр, Хархорин хотноо зохион байгуулсан уг арга хэмжээний үеэр иргэд “Аниргүйхэн нулимсыг хайрлахуй” хөгжимт жүжгийг шимтэн сонирхсон ба Чин Хай багшийн уран бүтээлийн үзэсгэлэнг гаргаж, веган буюу цагаан хоолны ач холбогдлыг сурталчилсан юм. Мөн Хархорин сум дахь нээлтийн арга хэмжээнд Эрдэнэзуу хийдийн хамба лам н.Баасансүрэн оролцож үг хэлэхдээ “Монголчууд бидний өвөг дээдэс дулааны саруудад цагаан идээгээ л иддэг, мах иддэггүй байсан. Миний хувьд зарим нэг тохиолдлыг эс тооцвол байнга цагаан хоол идэхийг хичээдэг. Ерөнхийдөө 80 хувь цагаан хоолтон болсон” хэмээгээд Хархоринчууддаа долоо хоногийн нэг өдөр цагаан хоол идэхийг уриаллаа.

Түүнчлэн Арвайхээр хотод болсон арга хэмжээний нээлтээр аймгийн Засаг дарга Г.Ганболд “Би та бүхнийг цагаан хоолтон бол гэж хэлэхгүй ч 7 хоногийн нэг өдөр цагаан хоол идэж байхыг уриалмаар байна. Өвөрхангай аймаг нийт мал сүргийн тоогоор улсдаа тэргүүлдэг бөгөөд жилд дунджаар 1 сая 300 мянга гаруй амьтны амь хороож байна. Хэрэв хүн бүр 1 өдөр мах идэхгүй бол бид хичнээн амьтны амийг аварч болохыг бодоод үзээрэй” гэсэн юм.

Арга хэмжээний төгсгөлд мюзикл үзэхээр ирсэн иргэдэд веган хуушуур, шорлог, салатны амталгаа явуулж, цагаан хоол хүний бие ямар ач холбогдолтой талаар лекц уншлаа. Мөн шар буурцгийн уургийг амталж, хоол хүнсэндээ хэрэглэх, шар буурцгийн сүүг гаргаж авах, веган майонез, веган хайлмаг хийх сургалтыг явуулсан нь иргэдийн сэтгэлд хүрсэн үйл ажиллагаа болжээ.

Дашрамд дурдахад Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай нь дэлхийд нэрд гарсан оюун санааны удирдагч, уран зураач, яруу найрагч, зохион бүтээгч,  дизайнер бөгөөд олон хүнд хайр энэрлээ хүртээж, тусламжийн гараа сунгаж байдаг хүмүүнлэг үйлстэн юм. Тэрээр Вьетнам улсын өмнөд хэсэгт төрж, Англи, Франц, Герман улсад боловсрол эзэмшсэн ба Энэтхэгийн Гимлайн  ууланд даяанчлан бясалгаж, Их Багшаас дотоодын гэрэл, аялгууны бясалгалын авшиг хүртэн Төгс Гэгээрэлд хүрчээ. Эдүгээ түүний цогцлоосон Аръяабалын бясалгалын төв болон төлөөлөл нь Африкийн 12 орны 19 хотод, Америк тивийн 15 орны 75 хотод, үүнээс АНУ-д 42, Азийн 21 орны 49 хотод, Европын 27 орны 45 хотод, Номхон далайн 2 орны 14 хотод ажиллаж, тэдгээрт янз бүрийн шашны олон зуун сая бясалгагч хамрагдаж байна.

Монголд 20-иод салбартай бясалгалын төв ажиллаж, 60000 хүн хамрагддаг аж.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ