Ноолуур бол Монголын баялаг

ТОЙМ
n_sarchihg@yahoo.com
2023-02-08 15:24:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы 2022 оны тавдугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг баталсан. Тогтоолоор ноос, ноолуурын салбарт нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Энэ хүрээнд ноос, ноолуурын боловсруулалтын түвшинг үе шаттай нэмэгдүүлж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, 2023 оноос хялгас ялгаснаас дээш боловсруулалт хийгдэж чанар, стандартын шаардлага хангасан ноолуурыг экспортлох, үүнтэй холбоотойгоор үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтыг баталж мөрдүүлэх, мөн хялгас ялгахаас дээш боловсруулалт хийх зориулалттай үйлдвэрийн тоног төхөөрөмжийг импортын нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг даалгасан байдаг.


Сарын өмнө Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ж.Бат-Эрдэнэ, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нар ноос, ноолуурын салбарын төлөөлөлтэй уулзаж, санал солилцсон. Уулзалтаар ноос, ноолуурын салбарын өнөөгийн байдлын талаар болон тогтоолд заасан худалдааны техникийн зохицуулалтын асуудлыг хөндөж ярилцсан байдаг.  Дэлхийн текстилийн ширхэгтийн нийт үйлдвэрлэлийн хэмжээ 2021 онд 109 сая тонн байгаагаас амьтны гаралтай ширхэгт 1.7 хувь, үүнээс ямааны ноолууран ширхэгт 0.02 хувийг эзэлдэг байна. Энэхүү ховор ширхэгт ноолуурын нөөцийн 48 орчим хувийг Монгол Улс, 50 орчим хувийг БНХАУ, үлдсэн хувийг нь Иран, Афганистан, Казахстан зэрэг улс бэлтгэж дэлхийн зах зээлд нийлүүлдэг.


Монгол Улсын ноолуур бэлтгэлийн хэмжээ ямааны тоо толгойноос хамаарч жилд дунджаар 10 мянган тонн хүрдэг. Манай улс нийт бэлтгэсэн ноолуурынхаа 70-80 хувийг зөвхөн угааж, 10 орчим хувийг самнасан байдлаар экспортолж, 10 гаруй хувийг бэлэн бүтээгдэхүүн болгон гадаад, дотоодын зах зээлд борлуулж байна. Харин нэхмэлийн салбарын нийт экспортын 90 гаруй хувийг ямааны ноолуур эзэлдэг. Манай улсад угаасан ноолуурын хялгасыг нь ялгах буюу самнах 40 үйлдвэрт 6017 тонн самнасан ноолуур гаргах хүчин чадал суурилагдсанаас 25 хувийн ашиглалттай байна. Өөрөөр хэлбэл, 12.035 тонн түүхий ноолуурыг угааж, хялгасыг нь ялгах хүчин чадал суурилагдаад байгаа нь жилдээ бэлтгэж буй 10.0 мянган тонн ноолуураа дотооддоо бүрэн самнах боломжтой юм.


Засгийн газрын 2022 оны аравдугаар 19-ний өдрийн 380 дугаар тогтоолоор “Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ыг баталсан. Тус техникийн зохицуулалтын хүрээнд “Экспорт, импортын зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх ямааны ноолуур нь хялгас болон завсрын үсний агууламж 0.3 хувиас ихгүй байна” гэсэн зохицуулалтыг тусгасан нь зөвхөн самнасан ноолуурыг хилээр нэвтрүүлэх гол зохицуулалт болж байгаа юм. Ноолуурын боловсруулалт, худалдаанд техникийн зохицуулалт хийснээр угаасан ноолуур экспортод гарахгүй, 4500 тонн хялгасыг нь ялгасан  ноолуур экспортолж, 2.1 сая ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн борлуулж, нийтдээ 660.0 сая ам.долларын борлуулалт хийж, салбарын борлуулалтын орлогыг 294 сая ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой юм. Түүнчлэн одоо байгаа 2200 ажлын байрыг тогтвортой хадгалж, 4400 орчим ажлын байр шинээр нэмэгдэнэ гэсэн тооцооллыг салбарын яамнаас хийжээ. Хялгасыг нь ялгасан ноолуурын экспорт 2022 оны эхний 11 сарын байдлаар 809.1 тонн болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.2 дахин өссөн байна. Үүнээс үзвэл хялгасыг нь ялгасан ноолуурын экспорт энэ онд огцом нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Хялгасыг нь ялгасан нэг кг ноолуурыг 2021 онд дунджаар 91.9 ам.доллароор борлуулж байсан бол 2022 онд 108.3 ам. доллароор борлуулжээ. Хялгасыг нь ялгасан буюу самнасан ноолуурын гол худалдан авагч Итали Улс бөгөөд хялгасыг нь ялгасан ноолуурын экспортын 90 орчим хувийг эзэлдэг. Мөн Засгийн газрын тогтоол батлагдсанаар 12 самнах үйлдвэрийг шинээр байгуулж байгаа бөгөөд үйлдвэрлэлээ эхэлбэл манай улс ноолуур самнах 43 үйлдвэртэй болно гэдгийг албан ёсны эх сурвалж мэдээлж байлаа.


Монгол төрийн энэ бодлогын хариуд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд уул уурхайн бус экспортын гол бүтээгдэхүүн болох ноолуурын салбарт 121.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг үндэсний 24 үйлдвэрт олгосон юм. Үүнтэй холбогдуулж, Монгол Улсад валютын нөөц бүрдүүлэхэд онцгой хувь нэмэртэй ноолуурын салбарынхан энэхүү хөнгөлөлттэй зээлд хамрагдсанаар 2022 онд үйлдвэрүүд маань нийт 3,200 тонн ноолуурын худалдан авалт хийж, зах зээлд түүхий ноолуурын үнийг 158,000 төгрөг хүртэл өсгөж чадсан юм. Түүгээр ч зогсохгүй 2022 оны байдлаар ноолуурын салбарын экспорт 445.3 сая ам.долларт хүрч, экспортын үнийн дүн ковидын өмнөх буюу 2019 онтой харьцуулахад 15.8 хувиар, 2021 онтой харьцуулахад 33.4 хувиар өсчээ. Экспортын хэмжээ нэмэгдэхээс гадна үндэсний үйлдвэрүүд тогтвортой ажлын байрыг хадгалж, техник, технологийн шинэчлэлээ бүрэн хийж чадсан юм.


Ноолуурын салбарт хэрэгжиж буй бодлогын томоохон арга хэмжээ бол Улсын Их хурлын 2022 оны 19 дүгээр тогтоол, Засгийн газрын 2022 оны 380 дугаар тогтоолоор 2023 оноос эхлэн хялгас ялгахаас дээш түвшний боловсруулалт хийсэн чанар, стандартын шаардлага хангасан ноолуурыг үйлдвэрлэх болон экспортлохыг дэмжсэн шийдвэр юм. Дэлхийн ноолуурын түүхий эдийн 50 хувийг бэлтгэдэг Монгол Улсын хувьд 2022 он хүртэл зөвхөн угаасан ноолуурыг экспортолж ирсэн. Тэгвэл угаасан ноолуурыг экспортлохыг хориглосноор дотоодод нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх маш том хөшүүрэг боллоо хэмээн Монгол Улсын Их хурал, Монгол Улсын Засгийн газарт ноолуурын салбарын нийт үйлдвэрлэгчид, ажиллагсад, малчдынхаа өмнөөс талархал илэрхийлжээ. Баярлах сэтгэл багадаггүй гэдэг дээ. Үүний төлөө л төрдөө залбирдаг гэж боддог юм.

Холбоотой мэдээ