ДУНДГОВЬ: Байгальд үлдээх бидний мөр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-02-08 10:23:00
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Байгальд үлдээх бидний мөр” өдөрлөг Сайнцагаан суманд болж өнгөрлөө. Энэ нь иргэд өөрсдийн хүсэл, сонирхол, эрмэлзлэлээрээ нэгдэж, орон нутгийнхаа хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулж, хэрхэн оролцоотой байхын ач холбогдлыг харуулсан, өмнө нь болдог Нээлттэй хаалганы өдөр, Мэдээллийн өдөрлөгөөс өөр зохион байгуулалттай, хүрэлцэн ирсэн хүн бүрд мэдээлэл авах, оролцох боломжийг илүү нээж өгсөн онцлог үйл ажиллагаа болов. 

Өдөрлөгийг “Манлайлагч-50” хөтөлбөрт нэгдсэн залуучууд, “Баялаг” төв, "Гэрэлтдэг ертөнц" ТББ, “Хөгжлийн гүүр” сургалтын төв, Скаут хүүхдүүд зохион байгуулж, аймгийн ЗДТГ, Хот тохижилтын алба, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд дэмжин хамтран оролцжээ.



Иргэд энд дахивраа ялган тушааж, хог, хаягдлаа хэрхэн ангилан ялгах тухай мэдээлэл авч, өөрийн эрүүл мэндээ хянуулж, гэр бүлээрээ “Корн холл” (элс шидэх) тоглоом тоглож, оюун ухаанаа уралдуулан тэмцээнд оролцож,  хэрэглэдэггүй хуучин хувцас, хэрэглэлээ хямд үнээр зарж, борлуулж, өөрийн сонирхлоор дуулж, бүжиглэж, азтан болж, “Баялаг төв” болон скаутын үйл ажиллагаатай танилцсан байна.

Энэ үеэр хагас тонн гаруй дахивар цуглаж, даавуун тортой болохын ач холбогдлыг таниулж оролцогчдод бэлэг болгон өгчээ.



Энэхүү өдөрлөгөөс хамгийн ихээр сонирхол татсан нэг зүйл бол тус өдөрлөгийг “Байгальд үлдээх бидний мөр” хэмээн нэгэн хөтөлбөрийн нэрээр нэрлэсэн явдал байв.

Байгальд  үлдээх бидний мөр (Ecological footprint) хөтөлбөр нь ХБНГУ-аас гаралтай, байгальд үлдээж буй ул мөрөө үнэлэх арга зүйд суурилсан, байгальд ээлтэй иргэн байх, үлдээж буй ул мөр, хийж буй үйлдлээ үнэлж, өдөр тутамд хийдэг буруу үйлдлүүдээ бууруулах зорилготой аж.

Энэхүү хөтөлбөрийг Монгол Улсад “Хөгжлийн гүүр” сургалтын төв албан ёсны зөвшөөрлийн дагуу 12 аймагт хэрэгжүүлдэг байна.  



“Байгальд үлдээх бидний мөр” хөтөлбөрийн хүрээнд Дундговь аймагт ямар үйл ажиллагааг хэрэгжүүлдэг тухай “Хөгжлийн гүүр” сургалтын төвийн багш, аймгийн Скаутын удирдагч багш Ж.Нарангараваас тодруулахад “Энэ хөтөлбөрийг “Хөгжлийн гүүр” сургалтын төвийн сурагчид болон Скаут хүүхдүүд хамтран 2018 оны 1 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байна. “Cotton bag covers us” пэйж хуудсыг хөтлөн ажиллуулж, даавуун уутны хэрэглээг сурталчлах, таниулах ажлыг анхлан зохион байгуулж эхэлсэн.

Энэ үйл ажиллагааны хүрээнд хүүхдүүд маань “даавуун ууттай болъё, нэг удаагийн хэрэглээнээс татгалзъя, ухаалгаар мөрөө үлдээцгээе! уриаг таниулж, олон байгууллагаар явж сурталчилгаа хийсэн. Түүний үр дүнд даавуун уутны хэрэглээ нэмэгдэж, зарим иргэд гялгар уутнаас татгалздаг болсон.



2018 оны 4 дүгээр сараас эхлэн хогоо ангилж ялгах санаачилга өрнүүлж хөгжлийн гүүрээс гарч буй хогоо хүүхдүүд өөрсдөө ангилж үзээд 2 дүгнэлт гаргасан байна. Нэгдүгээрт: ундааны савыг багасгах гол арга нэг удаагийн хэрэглээнээс татгалзах, ус, ундаа авахгүй өөрийн гэсэн усны савтай болох, хоёрдугаарт хогоо ангилж хаях хэрэгтэй.

Манай аймгийн хувьд салхи ихтэй хогийн цэгийн хог нь хийсэх, бутрах, хогоо ангилдаггүй учраас хаа сайгүй л хогийн сав дүүрэн ундааны сав байгааг хүүхдүүд явж баримтжуулж, үе тэнгийхэндээ усны савтай болохыг сурталчилж, хог ангилан ялгах ажлыг эхэлсэн.

Хоёр жилийн өмнө бид “Мини парламент”-ын хүүхдүүдтэй хамтран хог хаягдлын жижиг төсөл хэрэгжүүлж, сургуулийн анги бүрд цаасан хайрцаг ашиглан гурван өнгийн хог ангилах савтай болгох нөлөөллийн ажлыг хийсэн. Энэхүү ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын хурлын даргатай даавуун уутны хэрэглээг нэмэгдүүлэх, хогийн савжуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулж байсан гэх мэтчилэн байгальдаа ээлтэй байхыг сурталчлан таниулж байна” гэлээ.



Өдөрлөгт “Манлайлагч-50” хөтөлбөрийн оролцогчид, Скаутын бүлгэмийн 60 гаруй хүүхэд, “Хөгжлийн гүүр” сургалтын төвийн 20 гаруй сурагч, иргэд оролцжээ.

Хог хаягдлыг иргэдийн оролцоотой бууруулах, байгаль орчноо хамгаалах, зөв ул мөр үлдээх энэхүү асуудлыг шидвэрлэхэд ийнхүү дахивар хүлээн авдаг “Баялаг төв”, “Хөгжлийн гүүр” сургалтын төв, төр, ТББ, хувийн хэвшлийн залуучууд бүгд нэгдэн нэг ойлголттой болж, иргэд ч хогоо ангилан ялгахын ач холбогдол, хэрхэн ангилах, түүнийгээ хаана аваачиж тушаах тухай ойлголттой болсон нь “Байгальд үлдээх бидний мөр” өдөрлөгийн ач холбогдол байлаа.    



Холбоотой мэдээ