“Dell” 6000 гаруй ажилтнаа цомхотгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-02-07 14:21:15

ВАШИНГТОН. /Reuters/. Дэлхий даяар зөөврийн болон суурин компьютерийн эрэлт саарах болоод байгаа энэ үед Америкийн технологийн “Dell” компани 6650 ажилтнаа буюу нийт ажиллах хүчнийхээ 5 хувийг цомхотгохоор болсноо даваа гарагт мэдэгджээ.


Энэ он гарсаар “Goldman Sachs Group”-ээс эхлээд “Alphabet” тэргүүтэй Америкийн олон компани эдийн засгийн хэтийн төлөв байдалтай холбогдуулан олон мянган ажилтнаа цомхотгох шийдвэр гаргаад байгаа юм.


Орлогынх нь тэн хагасаас илүү хувийг бүрдүүлдэг суурин компьютерын борлуулалт нь цар тахлын дараа эрс буурсан “Dell” компанийн хувьд шинээр ажилтан шалгаруулж авахаа түр зогсоох зэргээр зардлаа танах алхмуудыг хэдийнээ авч хэрэгжүүлсэн юм.


Гэвч тэдгээр арга хэмжээнүүд нь “хангалтгүй” байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Жефф Кларк ажилтнууддаа хаягласан захидалдаа тэмдэглэжээ. “Dell” 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 133 мянга орчим ажилтантай байсны гуравны нэг орчим нь Америкт ажилладаг байжээ.


Тус компанийн өрсөлдөгч “HP” компани мөн 6000 ажилтнаа цомхотгохоор болсноо саяхан мэдэгджээ. Цар тахлын үеэр зайнаас ажиллах хүмүүсийн тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор хурдацтай өсөлт үзүүлж байсан суурин компьютер, таблетын нийлүүлэлт 2023 онд дахин 2.6 хувиар буурах төлөвтэй байгааг “IDC” судалгааны фирм урьд нь мэдээлсэн юм. 

Холбоотой мэдээ