ӨВӨРХАНГАЙ. Аймгийн төвийн эрчим хүчний зардал нэмэгдсэний улмаас цахилгааны хязгаарлалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-02-07 16:42:35

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын дарга нарын шуурхай хуралдаан боллоо. Хурлаар 70321111 утсаар ирүүлсэн иргэдийн санал, гомдолтой танилцаж, аймгийн Засаг даргаас үүрэг чиглэл өгсөн юм.

Өнгөрөгч 7 хоногт 10 иргэн тус утсанд хандан санал, гомдол тавьсан байна. Мөн 908 иргэн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд хандаж үйлчилгээ авсны дийлэнх нь халамж, оператороос лавлагаа авах чиглэлээр үйлчлүүлжээ.


Иргэдийн зүгээс Арвайхээр сумын гэрэлтүүлгийн цагийг уртасгах хүсэлт тавьж байгаа боловч цахилгааны үнэ тариф нэмэгдсэний улмаас сумын эрчим хүчний зардал эрс өсжээ. Сард 4-5 сая төгрөгийг цахилгааны өртөгт өгдөг байсан бол сүүлийн сард 20 сая болтол өссөн учраас сургуулийн амралтын үеэр тодорхой хязгаарлалтыг хийсэн байна.


Иймд цаашид  аймгийн төвийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ашигладаг хоёр тарифт 300 гаруй тоолуурыг гурван шатлалын тарифт тоолуураар солих ажлыг судалж, цахилгааны шөнийн хөнгөлөлтөд хамрагдах үүргийг аймгийн Засаг даргаас холбогдох албаныханд өглөө. 

Холбоотой мэдээ