СҮХБААТАР: Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой зөрчил нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-01-31 08:51:09

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хэмжээнд өнгөрөгч онд хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой буюу тэтгэмж хууль бусаар олгогдсон 30 зөрчил бүртгэгджээ. Энэ нь гэр бүл салалт, эцэг эх хүүхдээ орхиж явдагтай холбоотой гэдгийг аймгийн ГБХЗХГ-аас мэдээллээ.

Бүртгэгдсэн зөрчилд үнэлгээ хийж, дүгнэлтийг холбогдох газруудад хүргүүлэн шийдвэрлүүлдэг байна. Тус аймагт одоогоор хүүхдийн мөнгөн тэтгэмж авдаг 18 хүртэлх насны 24193 хүүхэд байна. Гэвч тэтгэмж зорилтот хүүхдэдээ очдоггүй, хууль бусаар олгогддог, эцэг эхчүүд буруу захиран зарцуулдаг зэрэг зөрчил их байгаа бөгөөд энэ нь цаашид ч нэмэгдэх хандлагатай байгааг хэллээ. Тиймээс холбогдох байгууллагууд хяналтаа сайжруулж, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг яг хэрэгцээт хүнд нь олгоход анхаарахыг сануулав.

Статистикийн хэлтсийн мэдээгээр Сүхбаатар аймагт 2022 онд гэр бүл цуцлалт 44 бүртгэгдсэн бөгөөд энэ нь өмнөх оноос 12-оор өссөн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, гэр бүл цуцлалт нэмэгдэж байгаа нь дээр хэлсэнчлэн хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой зөрчил ихсэх үндсэн шалтгаан болдог байна. 

Холбоотой мэдээ