ХӨВСГӨЛ: Цаатан хүүхдүүд үндэсний хэлээ сурах боломжгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-01-30 11:57:43

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагааннуур сум Улаанбаатар хотоос 1000 км, аймгийн төв Мөрөн сумаас 300 км алслагдсан хамгийн хойд сум юм. Тус сумын ерөнхий боловсролын сургуульд Цагааннуур, Рэнчинлхүмбэ сумын 2-р багийн нийт 568  хүүхэд суралцаж байна. Харин тайгын буюу цаатан 200 хүүхэд суралцаж байна. Цаатнууд өөрийн гэсэн хэл, ёс заншил, шашин шүтлэг, аж төрөх арга хэлбэртэй цөөнх болж байгаа ястан юм. Уйгар буюу тува хэлтэй бөгөөд тайгадаа уйгараар ярьдаг.


Цагааннуур сумын ерөнхий боловсролын сургууль цаатан иргэдийн хэл соёлыг өвлүүлэн үлдээх зорилгоор ОХУ-д Тува хэл уран зохиолын багш мэргэжлээр төгссөн багштай тува хэлний сонгон хичээллүүлж байгаа боловч анги танхим хүрэлцээгүйн улмаас тайгын 200 хүүхдийн 90 хүүхэд л хамрагдаж байна гэдгийг захирал М.Санжаа хэлж байлаа.

Ерөнхий боловсролын сургууль 320 хүүхдийн хичээлийн байртай боловч 568 хүүхэд суралцаж, 100 хүүхдийн дотуур байранд 150 хүүхэд амьдарч байна. Цаашид шинэ хичээлийн байртай болбол Цагааннуур сумын сургуульд суралцаж буй тайгын хүүхдүүд төдийгүй Рэнчинлхүмбэ сумын сурагчид ч тува хэлийг суралцах сонирхолтой байгаа ажээ

Холбоотой мэдээ