Нүүрсний хэрэглээ ба экспорт

ТОЙМ
ariunzaya@montsame.mn
2023-01-23 14:43:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн банк болон ОУВС-гаас дэлхий даяар 2023 онд эдийн засаг амаргүй байна хэмээн мэдэгдээд байгаа. Манай улсын нийт эдийн засгийн 97 хувь нь уул уурхайгаас хамааралтай бөгөөд жилдээ 40-50 сая тонн түүхий, боловсруулаагүй бүтээгдэхүүн экспортолж байна гэсэн дүн мэдээ бий. Өнгөрөгч онд л гэхэд Монгол Улс 12 тэрбум ам.долларын экспортын орлогыг эрдэс бүтээгдэхүүнээс олсон бөгөөд энэ нь 2021 оны мөн үеэс 36.4 хувийн өсөлтийг үзүүлжээ.

Монгол Улсын төсвийн тайлангаар төсвийн хөрөнгө оруулалт 2021 оныхоос өнгөрсөн онд 58 хувиар нэмэгдсэн гэсэн тооцоолол гарсан.  

Тэгвэл энэ онд эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрэх уул уурхайгаас энэ жил 4.9 их наяд төгрөг буюу нийт орлогын 25 орчим хувийг бүрдүүлэхээр тооцов. Өөрөөр хэлбэл Монгол Улс энэ онд төсвийн орлогод тэргүүлэх байр суурьтай байдаг нүүрсний экспортыг тэлэх замаар дээрх хөрөнгийг бүрдүүлнэ гэсэн үг.

Нийт орлогын гуравны нэгийг нүүрсний орлогоос бүрдүүлдгийн хувьд Монгол Улс экспортынхоо хэмжээг жилээс жилд нэмэгдүүлэхийг зорьдог. Энэ хүрээнд боомтын хүчин чадлуудаа сайжруулж буй бөгөөд өнгөрсөн оны сүүлчээр гэхэд Зүүн баян-Хангийн төмөр замыг нээсэн. Уг төмөр зам ашиглалтад орсноор импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замын нийт тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэх хүлээлт бий.

Түүнчлэн манай улс экспортын  нүүрсний 96 хувийг БНХАУ-ын зах зээлд нийлүүлж буй юм. Тоон үзүүлэлтээс харвал 2019 онд 57 сая тонн нүүрс олборлож хамгийн дээд амжилтыг тогтоосон бол экспортын хувьд  2017 онд 36 сая тонн нүүрс экспортолсон нь хамгийн оргил үзүүлэлтийг үзүүлэв. Өнгөрөгч онд Монгол Улс 24  сая гаруй тонн нүүрс экспортолсон бол энэ оны улсын төсөвт 36.5 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөөд байна.   




Монгол Улсын нүүрс өнөөдрийн байдлаар геологийн нийт нөөц 173.3 тэрбум тонн байгаа бол нийт батлагдсан нөөц нь 33.2 тэрбум тонноор хэмжигдэж байна. Дээрх нөөцийн 70-80 орчим хувь нь хүрэн нүүрс юм.Үүнийг өнөөгийн хэрэглээгээр тооцвол Монгол Улс 3700 орчим жил хэрэглэх хүрэн нүүрсний батлагдсан нөөцтэй гэсэн үг. Манай улсын хувьд нүүрсний олборлолтоороо дэлхийд 17-д эрэмбэлэгдэж буй бөгөөд нийт 15 нүүрсний сав газар, 307 орд, 44 нүүрсний уурхай, 29 коксжих нүүрсний уурхайтай. Дэлхийн улс орнуудтай харьцуулбал манай улсын нүүрсний нөөц харьцангуй жигд тархалттай гэдгээрээ онцлогтой. Жилдээ Монгол Улс 40 сая тонн нүүрс олборлодог ч уурхайнуудын хүчин чадал 80 сая тонноор хэмжигдэж  буй юм. Харин дотоодын хэрэглээнд 10 сая тонн нүүрсийг эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглаж байна.



Өнгөрсөн хоёр жилийн хувьд түүхий нүүрсний хэрэглээгээ бууруулах зорилт дэвшүүлсэн улс орнууд дайнаас үүдэлтэй цахилгаан станцуудаа эргэн сэргээсэн нь эрчим хүчний нүүрс үнэд ороход гол нөлөөг үзүүлсэн. Нөгөөтэйгүүр хотжилт идэвхтэй явагдсан Хятадын  гангийн хэрэглээний өсөлт, Австралид тавьсан тус улсын нүүрсний  хориг гээд олон хүчин зүйлээс шалтгаалан нүүрсний  эрэлт нэмэгдэж, эрчим хүчний үнэ цойлсон цонх үе дэлхийн нүүрсний салбарт тохиосон.




Нийт экспортод нь коксжих нүүрсний эзлэх хувиар 2022 онд АНУ 9.86 хувь, ОХУ 32.48 хувь, Канад 14.75 хувь, Монгол Улс 31.88 хувийг тус тус эзэлсэн аж. 


Тэгвэл 2023 оны хувьд БНХАУ гангийн үйлдвэрлэлээ багасгах аль болох нүүрсгүй технологи руу шилжих гэсэн бодлого нь хэтдээ нүүрсний эрэлтийг хумихаас гадна Австрали улсад тавьсан нүүрсний хоригоо цуцалсан нь өмнөх жилийн хэмжээнээс давахааргүй байна гэдгийг олон улсын шинжээчид тодотгож байгаа. 2023 он бол Хятадын нүүрсний импортын сүүлийн эерэг жил байж ч магадгүй хэмээн шинжээчид үзэж буй юм. Харин манай улсын тухайд БНХАУ-тай зам харгуй дөт учир тээвэрлэлтийн зай, зардлын хувьд хамгийн боломжит хувилбар хэвээр байх нь мэдээж. Түүнчлэн Монгол Улсын экспортын нүүрс БНХАУ-ын нийт хэрэглээний гурван хувийг, эрчим хүчний нүүрсний импортынх нь зөвхөн нэг хувийг эзэлдэг учир тэр том зах зээлд нийлүүлэх манай жижиг нийлүүлэлтэд өөрчлөлт орохгүй нь тодорхой гэдгийг нүүрсний салбарынхан тодотгож байна. 

Холбоотой мэдээ