ДУНДГОВЬ: "Сүм хөх бүрд"-ийн дундах домогт чулуун цайзын туурь

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-01-09 15:47:58
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт "Сүм хөх бүрд" хэмээх нэгэн үзэсгэлэнт бүрд бий. Энэхүү үзэсгэлэнт бүрдийн дунд орших жижиг арал дээр XVI-XVII зууны үед баригдсан чулуун цайзын туурь байдаг нь хол, ойрын зочдын сонирхлыг ихээхэн татдаг онцлогтой.

Энэхүү туурийн өндөр нь 7-8 метр, өргөн нь 10 метр, урт нь 25 метр. 150 сантиметрийн зузаан ханатай дөрвөн хэсэг бүхий том цайз юм. Хамгийн сонирхолтой нь энэхүү барилгыг барьсан материал нь байгалиасаа хэвлэчихсэн гэлтэй өөгүй, тэгшхэн хавтгай чулуу байдаг.

Энэ чулуун цайзад хэрэглэсэн чулууны ижил нь өмнө зүгт 200 гаруй км алсад байгаа бөгөөд тэндээс тэмээн хөсгөөр тээж ирсэн гэж таамагладаг. Нуурын шавар нь маш сайн барьцалдуулах чанартай учир шаврыг тэндээс авчээ

Анх XVI зууны үед Төвөдийн нэг ноёны хүү ирж, монголчуудаар бариулсан боловч барилгын нурууг нь барьж амжилгүй баривчлагдан эх орондоо буцжээ. Ийнхүү оройгүй сүм үлдэж, хожим хэд хэдэн удаа дээвэр хийсэн боловч тухай бүр нь аянга бууж эвдэрсэн учир дээвэргүй үлдсэн гэх домог буй.



Туурийн барилгын урдуур 40 метр урт давхар чулуун хэрэм байжээ. Эдгээрээс гадна бас нэгэн том барилга байсныг нутгийн ардууд буулгаж, малын хашаа барьсан гэх цуу яриа бий.

Энэхүү барилгын тууринд Ноён хутагт Д. Данзанравжаа “Саран хөхөө” жүжгээ тоглуулж байжээ. Энэ чулуун цайзын туурийг 1998 оноос улсын тусгай хамгаалалтад авсан байдаг.

Говийн ганц бүрд гэгдэх түүх соёлын үнэт өвийн дурсгал болсон үзэсгэлэнт бүрд “Сүм хөх бүрд” Дундговь аймгийн төвөөс баруун хойш 70 км-т Адаацаг сумын нутагт Бага газрын чулуу хэмээх байгалийн үзэсгэлэнт газраас 18 км-т оршдог.

Сүм хөх бүрдийн нуурын зэгсэнд орсон бод мал үзэгддэггүй, зундаа хун, галуу, ангир ирдэг байсан гэдэг. Нутгийн хөгшид нуурыг хөлгүй нуур ч гэж ярьдаг байж.

Нуурын усыг гурван горхи сэлбэдэг байсан бөгөөд сүүлийн жилүүдэд ганц нь л үлджээ. Нуурын урд талд Үүдэн булгийн рашаан ундардаг юм.



Байгалийн энэ л сайхан, түүхийн үнэт дурсгалыг үзэж сонирхох, амрахаар жилдээ 3000 орчим гадаад, дотоодын жуулчид, аялагчид ирдэг бөгөөд энд хурал, уулзалт, зөвлөгөөн зохион байгуулах нь элбэг.

2022 оны 9 дүгээр сард  энэхүү түүхэн дурсгалт газарт монгол адууны өв соёлыг сурталчилсан  “Адууны өв соёлын баяр” үйл ажиллагааг зохион байгуулж, 15 сумын 42 адуучин оролцож, гадаад, дотоодын 1200 аялагчид үзэж сонирхжээ.

Монголчуудын олон зуун жилийн турш бүтээсэн адууны өв соёл арвин. Эртнээс адууг ав хомрого, аян дайн, уналга эдэлгээнд хэрэглэж,  сүү, саалийг нь боловсруулан хэрэглэх явцдаа дэлхийд гайхагдам өвөрмөц олон өв соёл, дурсгал, ухааныг бий болгож, эр хүний хийморь сүлдийг адуутайгаа холбон зүйрлэдэг.  

“Адууны өв соёлын баяр”-аар адууны эдлэл хэрэгслийг сурталчилж, гүүний үрс гаргах, унага тамгалах, хул залах ёслол, ардын урлагийн тоглолт зэрэг үзүүлбэр үзүүлж, “Адуучин” тэмцээн, дэмбээ, талын хуруу гаргах, айраг уух, бөхийн барилдаан, “Сайхан хос морьтон” шалгаруулах зэрэг тэмцээн уралдааныг зохион байгуулсан.

Дундговь аймгийн 9 гайхамшгийн нэг “Сүм хөх бүрд” болон Монгол Улсын түүх соёлын дурсгал болсон эртний цайзын энэхүү туурь нь гадаад, дотоодын жуулчдыг татах нэгэн төв бөгөөд тус аймгийн хувьд цаашид энэхүү түүхэн дурсгал, байгалийн үзэмжийг монгол өв соёлтойгоо холбон хөгжүүлэхийг зорьж байгаа ажээ. 



Холбоотой мэдээ