ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: ОНХС-гийн 4,278,332.0 төгрөгөөр 24 ажил, арга хэмжээг төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-01-05 09:10:00

Архангай /МОНЦАМЭ/. ОНХС-гийн хөрөнгө 2023 онд Архангай аймагт 8 тэрбум 580,8 мянган төгрөгөөр хуваарилагдсан. Үүний 50 хувийг буюу 4,5 тэрбум төгрөгийг сумдад, үлдсэн 4 тэрбум 200.0 сая төгрөгийг аймгийн ОНХС-д хуваарилсан.


Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалт гарсан байна. Нийт төсөвт өртөг нь 5,638,239.0 төгрөг байхаас 2023 онд ОНХС-гийн 4,278,332.0 төгрөгөөр 24 ажил, арга хэмжээг төлөвлөжээ.

 

Дурдвал, аймгийн 100 жилийн ой болох тул наадмын талбайн тохижилт, засварын ажлыг иж бүрэн хийх, гудамж талбай, орон сууцны тохижилт, гэрэлтүүлгийг нэмэх, Цагдаагийн камержуулалтын тоног төхөөрөмж, Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт ухаалаг худаг, Ихтамир суманд арьс шир боловсруулах цэг барих,  Хот тохижилт, үйлчилгээний газарт ковш худалдаж авах,  Хашаат суманд махны хөргүүрийн барилга барих, Эрдэнэмандал суманд барьж буй үйлдвэр технологийн паркийн барилгыг худалдан авах, сургуулийн хүнс, ногооны агуулах барих, Өгийнуур суманд 50 тоннын хүнсний ногооны зоорь барих, Булган сум болон Эрдэнэбулган сумын 6-р багт мал нядалгааны цэгийг байгуулах, зарим суманд далан, гүүр, зам засварын ажил зэрэг 24 ажил, арга хэмжээний төлөвлөгөөг гаргасан байна.  

 

Энэ онд авто замын санд 1 тэрбум 82.0 мянган төгрөг,  их засварын зардалд 1 тэрбум 654,1 сая төгрөг хуваарилагдсан ба энэ зардлыг аймгийн 100 жилийн ойтой холбоотой хөрөнгө оруулалтын зардалд хуваарилжээ.

Холбоотой мэдээ