“Корэйн Эйр” компани Монгол Улс руу хийдэг нислэгээ хэвээр хадгалахаа илэрхийлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2022-12-25 11:41:53
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 12 дугаар сарын 22-ны өдөр БНСУ-ын “Корэйн Эйр” компанийн Олон улсын асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Ким Тэ Жүн-ийг хүлээн авч уулзан Монгол Улс, БНСУ хоорондын нислэгийн асуудал болон хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.


БНСУ-ын “Корэйн Эйр” компанийн дэд ерөнхийлөгч Ким Тэ Жүн өөрийн компанийн зүгээс Монгол Улс руу хийж буй нислэгийн үйл ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгч, мөн БНСУ-ын Засгийн газраас явуулж буй агаарын тээврийн салбарыг либералчлах, үйл ажиллагааны бодлого чиглэлийн талаар мэдээлэл өгөв.


Тэрбээр, сүүлийн жилүүдэд БНСУ-ын агаарын тээврийн салбарт өрнөж буй хөгжлийн чиг хандлага, түүний дотор Солонгосын хүн амын даац, эдийн засгийн нөхцөл байдлын улмаас тус улсын зах зээлд олон авиакомпани үйл ажиллагаа зэрэг явуулж ширүүн өрсөлдөөнийг бий болгосноор удаан хугацаанд оршин тогтноход хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байгаа тул авиакомпаниуд нэгдэж нийлэх үйл явц өрнөж байгаа талаар танилцуулав. Тухайлбал, “Корэйн Эйр” компани “Асиана Эйрлайнс” компанитай нэгдэх, мөн хямд өртөгтэй хэд хэдэн авиакомпаниуд нэгдэж үйл ажиллагаа явуулахаар яриа хэлэлцээ явагдаж байгааг мэдээлэв. Энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор эдгээр компанийн нислэг үйлдэж буй орнуудад мэдэгдэж, холбогдох зөвшөөрөл авах чиглэлээр ажиллаж байгаагаа хэллээ. “Корэйн Эйр” компанийн зүгээс Монгол Улс руу хийж буй нислэгийн үйл ажиллагааг өөрчлөхгүй хэвээр хадгалан ажиллахаа илэрхийлж, Монгол Улсад “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад орсонд баяртай байгаагаа илэрхийллээ.


Сайд С.Бямбацогтын зүгээс Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсоноосоо хойш өнгөрсөн 3 сарын хугацаанд Монгол Улсын агаарын тээврийн салбарын либералчлах, өргөжүүлэх чиглэлээр томоохон өөрчлөлт, шинэчлэлт, бодлогын дэвшилттэй алхмууд хийгдсэн талаар дурдаж тодорхой мэдээллийг өгөв. Сайдын зүгээс энэ ажлын хүрээнд зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэх хэдий ч авиакомпаниуд харилцан ашигтай байх зарчмыг баримталж ажиллах, хэт бизнесийн ашиг сонирхолд хөтлөгдөхгүй байж эрх тэгш хамтран ажиллахад анхаарч ажиллахыг хүсэв. Мөн Солонгосын иргэд Монгол Улс руу зорчиход визгүй болсонтой холбогдуулан Монгол, Солонгос иргэдийн зорчих урсгал нэмэгдэж, аялал жуулчлал, соёлын харилцаа өсөн нэмэгдэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв.


Түүнчлэн талууд Монгол Улсын нисэхийн салбарын боловсон хүчнийг сургаж бэлтгэх чиглэлд “Корэйн Эйр” компанийн дэргэдэх Нисэхийн сургуульд суралцуулах боломжийг эрэлхийлэх, мөн Буянт Ухаа нисэх буудлыг сургалтад ашиглах, Монголын агаарын орон зайг нислэгийн дадлага сургуулилтад ашиглах зэрэг бусад хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцлаа.


Холбоотой мэдээ