ГОВЬ-АЛТАЙ: Зөрчлийн гомдол 42.9 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-12-12 10:57:14

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт энэ оны эхний гуравдугаар улиралд зөрчлийн талаарх 2346 гомдол, мэдээлэл бүртгэдсэн ба энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1008 буюу 42.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ талаарх мэдээллийг Аймгийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Ганчимэгээс тодруулаа.


-Говь-Алтай аймагт зөрчлийн хэргийн гаралт ямар түвшинд явж байна вэ? 

-Энэ оны эхний гуравдугаар улирлын байдлаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулдаг 10 гаруй байгууллагаас зөрчлийн талаарх 2346 гомдол, мэдээлэл хүлээн авсан. Энэ нь өмнөх онд зөрчлийн гомдол 1338 хүлээн авч байсан үетэй харьцуулахад 1008 буюу 42.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Хэргийн тухайд 556 гомдолд нь зөрчлийн хэрэг болон хэрэг бүртгэлтийн хэрэг нээж ажиллагаа явуулж шалгасан.

Шийдвэрлэлтээр нь авч үзэхэд дээрх 2117 гомдлын 234 буюу 11 хувийг хүлээн авахаас татгалзаж, 1519 буюу 71.7 хувийг нь хялбаршуулсан журмаар шалган шийтгэл оногдуулж, 556 буюу 26.2 хувьд нь зөрчлийн болон хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 буюу 0.5 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж тус тус шийдвэрлэснээр 26 хэрэг үлдэж хяналт тавьсан гомдол, мэдээллийн шийдвэрлэлт 98.8 хувийг эцэслэн шийдвэрлээд байна.

-Ямар төрлийн зөрчил зонхилон үйлдэгдэж байгаа талаар мэдээлэл өгвөл?

-Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан  556 хэргээс 3 төрлийн зөрчил дийлэнх хувийг эзэлж байна. Үүнд: 

-Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих зөрчил” 323 буюу 58 хувийг,

-Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр халдаж зодох” зөрчил 77 буюу 13.8  хувийг, 

-Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” зөрчих зөрчил 72 буюу 12.9 хувь,

-Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан танхайрах зөрчил 66 буюу 11.8 хувийг эзэлж байна. Нийт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны дийлэнхийг буюу 95.4 хувийг цагдаагийн байгууллага явуулж байна.


-Зөрчлийг ихэвчлэн ямар хүмүүс үйлдэж байна вэ? 

-Зөрчил ихэвчлэн шөнийн цагаар буюу 22.00 цагаас өглөөний 6.00 цагийн хооронд үйлдэгддэг. Мөн согтуу байхдаа зөрчил үйлдэх явдал их байна. Нийт зөрчил үйлдсэн этгээдийн 80.5 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэсэн судалгаа байдаг. Хүйсийн хувьд эрэгтэй хүмүүс зонхилон зөрчил үйлдэж байна. 

Зөрчил үйлдэгчдийг боловсролын түвшнээр нь авч үзвэл: бага боловсролтой 3, боловсролгүй 2, тусгай дунд боловсролтой 1, бүрэн дунд боловсролтой 46, бүрэн бус дунд боловсролтой 9, дээд боловсролтой 21 хүн байна. Харин Зөрчил үйлдэгчдийг насаар нь ангилбал: 18-30 насны 36 ,31-45 насны 36, 45-аас дээш насны 10 хүн тус тус зөрчил үйлджээ. 


-Тэгвэл зөрчлийн хэргийг бууруулахад цагдаа, прокурорын байгууллагагаас ямар арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ талаар иргэдэд ямар зөвлөгөө зөвлөмж өгөх вэ?

-Согтууруулах ундааны зүй бус хэрэглээ, хэтрүүлэн хэрэглэх, аливаа баяр цэнгээн, тэмдэглэлт үйл явдлыг архи согтууруулах ундааг хэрэглэж тэмдэглэж байгаа нь дээрх төрлийн зөрчил үйлдэгдэх шалтгаан нөхцөл болж байна. Ялангуяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байгаа нь зөрчлийн гомдол, хэргийн тоо өсөх нэг шалтгаан болж байна. Тиймээс энэ талаар цагдаа, прокурорын байгууллагаас иргэдэд энэ төрлийн сургалт, мэдээлэл явуулахад байнга анхаарч, төрийн болон хувийн байгууллагуудад яриа таниулга хийх зэргээр зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна. 

Зонхилон үйлдэгдэж байгаа хэрэгт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, олон нийтийн газар танхайрч бусдын амгалан тайван байдал алдагдуулах, мөн уур бухимдлаа барьж дийлэхгүй бусдын биед гэмтэл учруулахгүйгээр халдаж зодох явдал нэлээдгүй гарч байна.

Тиймээс иргэд хуулийн талаарх мэдлэг мэдээлэлтэй байх хэрэгтэй. Хоорондын ялимгүй маргааныг дэвэргэхгүй, бие биедээ хүлээцтэй хандах, аливаа баяр ёслол болон бусад арга хэмжээнд архи согтууруулах ундааны  зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй ямарваа нэгэн зөрчил маргаанаас хол байх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. 

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.


Холбоотой мэдээ