"Тавантолгoй" ХК-д ажиллах онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн ажлыг хүлээлцүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2022-12-10 10:06:24
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар "Тавантолгой" ХК-д 6 сарын онц дэглэм тогтоож, онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томиллоо.


Үүнтэй холбогдуулан Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр үдээс хойш Өмнөговь аймаг дахь "Тавантолгoй" ХК-д ажиллан Засгийн газрын шийдвэрийг танилцуулж, тус компанид ажиллах онцгой бүрэн эрхт төлөөлөгч П.Сайнзоригийн ажлыг хүлээлцүүлсэн байна.


Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг  ажил хүлээлцүүлэх үеэр "Засгийн газар эдийн засгийг тогтворжуулах, аливаа учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль журмын заалтуудыг сахин биелүүлэх,  нийгэмд хэвийн байдлыг тогтоох ажлыг түргэн шуурхай хангах үүргийнхээ дагуу энэ компанид онц дэглэм тогтоож байна. Төр засаг эрх үүргээ хэрэгжүүлэхдээ ард түмний аж амьдралд ээлтэйгээр шийдвэрлэх зарчмыг баримталж байгаа. "Тавантолгой" ХК-ийн 51 хувь нь орон нутгийн буюу төрийн өмчид байдаг. Онц дэглэм тогтоож байгаа асуудлыг аль болох зөв талаас нь ойлгох хэрэгтэй. Үүний цаана маш олон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа" гэжээ.


Холбоотой мэдээ