БАЯНХОНГОР: Алга болсон иргэдийг эсэн мэнд олжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-11-29 13:45:30

Баянхонгор /МОНЦАМЭ/. Хүйтний эрч чангарсан 10 дугаар сараас хойш Баянхонгор аймгийн хэмжээнд цасанд боогдож, шуурганд төөрсөн 10 гаруй дуудлага мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Тухайн дуудлагуудын дагуу эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, 10 гаруй иргэнийг эсэн мэнд олсон бол нэг иргэн амиа алдсан байна.


Сүүлийн өдрүүдийн цаг агаарын хүйтрэлээр хоёр иргэн төөрч алга болсон тухай дуудлага бүртгэгдээд байсныг эсэн мэнд олжээ.Тодруулбал, 

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Хангал багийн “Далангийн зүүн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 268 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/-т тус сумын харьяат малчин А нь 11.27-ны өдрийн 11.00 цагийн орчим мал хариулж яваад яваад сураггүй алга болжээ. Тухайн дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар 11.28-ны өдрийн 03.57 цагт хүлээн авч, тус сумын ЗДТГ-ын ажилтнууд малчин А /57 настай эрэгтэй/-ыг 11.27-ны өдрийн 22.30 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 11.28-ны өдрийн 11.10 цагт гэрээс нь урд зүгт 13 км-т, “Таван худаг” гэдэг газраас эсэн мэнд олж, нүүр, зүүн хөлийн эрхий хуруу хөлдсөн байсан тул сумын Эрүүл мэндийн төвд хүргэсэн байна.
Мөн Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Буянт багийн Цогт гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 225 км, сумын төвөөс зүүн зүгт 45 км/-т тус сумын харъяат малчин Ж нь 11.27-ны өдрийн 21.00 цагийн орчим Бууцагаан сумаас автомашинтай гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 15.12 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, сум дундын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн малчин Ж /50 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 11.28-ны өдрийн 15.31 цагаас тус сумын “Тавын бригад”, “Цэг”, “Цагаан гол”, “Магнай уул” гэдэг газруудад зохион байгуулж, мөн өдрийн 23.34 цагт сумын төвөөс зүүн урд зүгт 37 км-т, “Олон-Овоо” гэдэг газар автомашин нь цасанд суусан, бага зэргийн осголттой байсныг олж сумын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгчээ.

Холбоотой мэдээ