ӨВӨРХАНГАЙ: Энэ онд төрийн албан хаагчийн нөөцийг 100 гаруй хүнээр нэмжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-11-23 11:50:22

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Жил бүр Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн захиргааны албан хаагчид тангараг өргөдөг уламжлалтай. Өнөөдөр төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтад тэнцсэн алба хаагчдын төлөөлөл тангараг өргөж, эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулан үнэнч шударгаар ажиллахаа тангараглалаа.



Төрийн албан хаагчдад хандаж, аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Ганболд хэлэхдээ “Та бүхэн эрхзүйн хувьд ажлын байр, албан тушаалаа баталгаажуулж, хуульд заасан нийтлэг эрх, нийгмийн баталгаагаар хангагдах нөхцөл бүрдэж байна. Гэхдээ сэтгэл амарч болохгүй. Мэргэжил, мэдлэгийн хувьд шалгалтаа өгөөд тэнцлээ, одоо ажлын байранд ур чадвар шаардана. Тиймээс богино хугацаанд дадлагажиж, ур чадвараа дээшлүүлэн, байнга сурч хөгжих ёстой” хэмээгээд өргөсөн тангаргаа алхам тутамд санаж, төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөж ажиллахыг хүслээ.



Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс энэ онд төрийн албаны ерөнхий шалгалтыг хоёр удаа зохион байгуулсан бөгөөд 350 гаруй хүн шалгалт өгч, улмаар төрийн албан хаагчийн нөөцийг 100 гаруй хүнээр нэмэгдүүлээд байгаа аж.

Мөн тусгай шалгалтыг гурван удаа зохион байгуулж, 60 гаруй шалгуулагч тэнцсэнээс 57 хүн тухайн албан тушаалд томилогдон ажиллаж байна. 

Холбоотой мэдээ