СЭЛЭНГЭ: Олон үйлдэлт оёдлын машин суурилууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-11-14 22:00:39

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Тус аймаг дахь МСҮТ-ийн оёдлын кабинетад Япон улсад үйлдвэрлэсэн Juki брэндийн 10 ширхэг олон үйлдэлт оёдлын машиныг суурилуулж, хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

 

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын дэмжлэгтэйгээр Мобиком корпорациас хандивлаж буй энэхүү оёдлын машиныг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд Мобиком корпорацийн ерөнхий захирал асан Тацүяа Хамада, Маркетинг хариуцсан дэд захирал Юүжи Ито УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар оролцлоо.

 

Япон улсын талаас зөвхөн тус машиныг суурилуулж өгөөд зогсохгүй, МСҮТ-ийн багш, сурагчдад оёдлын машины ашиглалт, засвар үйлчилгээний талаар 3 хоногийн сургалт явуулжээ. Энэхүү сургалтыг Япон улсын Juki корпорациас тусгайлан илгээсэн инженер зааж сургасан аж.

 

Сүхбаатар сум дахь МСҮТ-д өнөөдөр 8 мэргэжлээр 236 оюутан суралцаж байна. Оёмол бүтээгдэхүүний оёдолчин мэргэжлийн анги нь 1970-аад онд үйлдвэрлэсэн 4 оёдлын машин, сүүлийн үеийн 1 машиныг сургалтдаа ашиглаж байжээ.

 

Энэхүү Juki брэндийн оёдлын машиныг суурилуулснаар сургалтын тоног төхөөрөмж бүрэн шинэчилж, оюутан бүр нэг оёдлын машин ашиглах боллоо. Ингэснээр оюутнууд мэргэжил дээрээ илүү их өсөх, хөгжих боломж нээгдэж байна хэмээн тус сургуулийн удирдлага онцлов.

 

Өнөөдөр тус МСҮТ нь улс, бүсийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх чадварлаг мэргэжилтэй ажилтныг бэлтгэнэ гэсэн уриатай ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ