ДУНДГОВЬ: “ХАМТДАА” хүүхэд хөгжлийн хөтөлбөрт 80 хүүхдийг хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-11-08 16:52:22
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн ГБХЗХГ-аас, Цагдаагийн газар, “Дүүрэн бэлэг” ТББ, “Buddy kids” англи хэлний сургалтын төвтэй хамтран “ХАМТДАА” хүүхэд хөгжлийн хөтөлбөрийг нэг сарын хугацаанд хэрэгжүүлж байна.


Тус хөтөлбөр нь эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийг хөгжлийн болон нийгэм сэтгэл зүйн сургалтуудад хамруулж, өөрийгөө хамгаалах, эрсдэлийг даван туулах чадвартай болгох зорилготой бөгөөд Сайнцагаан сумын эрсдэлт нөхцөлд амьдарч буй 80 хүүхдийг хамруулж байгаа аж.


Энэхүү хөтөлбөрийн талаар “Дүүрэн бэлэг” ТББ–ын тэргүүн Б.Гэрэлсүрэнгээс тодруулахад “Сайнцагаан сумын хэмжээнд эрсдэлд өртөж болзошгүй 80 хүүхэд байна гэсэн судалгаа гараад энэ хүүхдүүдэд эрсдэлээс өөрийгөө хамгаалах чадамжтай болгох зорилгоор энэ хөтөлбөр хэрэгжиж байна. Мэдээж хүүхдүүдэд “чамд ийм ийм эрсдэл учирч болзошгүй, чи өөрийгөө ингэж хамгаал” гээд шууд хэлэх боломжгүй, тиймээс чадварыг тоглоомын аргад суурилан олгож байгаа.

Эхний ээлжинд гарааны үнэлгээ хийж, хүүхдүүдийн темпраментийн хэв шинжийг тодорхойлоод, сургалтуудаа явуулж эхэлсэн.  

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сурагчид эрсдэлийг даван туулах, урьдчилан сэргийлэх аргуудад суралцаж, өөрийнхөө болон бусдын сэтгэл хөдлөлийг таньж мэдрэх, мэдрэмжээ илэрхийлдэг болох, бусдад өөрийгөө ойлгуулах, сэтгэл зүйгээ удирдаж сурах, өөрийгөө бүрэн дүүрэн дайчилж, эерэг хандлага төлөвшүүлдэг болох гэх мэт үр дүнг бид хүлээж байна.

Хамгийн гол нь тэдний хувьд бүтээлч сэтгэлгээ, өөрийнхөө давуу талыг хөгжүүлж, оролцож, мэдлэгээ чадвар болгох ёстой” гэлээ.


“Дүүрэн бэлэг” ТББ нь “Buddy kids” англи хэлний сургалтын төвийг ажиллуулдаг бөгөөд тус төвд дээрх хөтөлбөрт хамрагдсан, үнэхээр англи хэлний сургалт шаардлагатай хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр жилийн хугацаанд хичээллүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. 



Холбоотой мэдээ