Өндөр гэгээн Занабазарын урласан шүтээн урлагийн оргил бүтээлүүдийг хамтад нь залав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-11-08 16:50:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Өндөр гэгээн Занабазарын мутрын бүтээл болох Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт өв “Язгуурын таван бурхан”-ыг анх удаа нэг газар оршоосон “Язгуурын таван шүтээн” үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлээ.


Язгуурын таван шүтээн бурхны дөрөв нь Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд, нэг нь Чойжин ламын сүм музейд хадгалагдаж буй бөгөөд тус хоёр музей хамтран иж бүрдэл болгон тусгай үзэсгэлэнг олон нийтэд дэлгэж буйгаараа онцлогтой.  


Үзэсгэлэнг Соёлын дэд сайд М.Батбаяр нээж хэлэхдээ, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээнд суурилсан бүтээгч монгол хүн төвтэй дэлхийн нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан улс үндэстэн болно гэсэн том зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хэрэгжилтийг хангахад манай улсын музей, галерей, номын сан, зарим  сүм дуганд хадгалагдаж буй соёлын биет болон биет бус өв чухал үүрэг гүйцэтгэх юм. Тиймээс бид соёлын үнэт өвөө хадгалж хамгаалах, баяжуулан хөгжүүлэх, сурталчлан таниулахад нэлээд ажлыг санаачлан иргэдийн соёл урлагийн хэрэгцээг хангахаас гадна үндэсний ижилсэл болон нэгдмэл үнэт зүйлийг бататган бэхжүүлэхийг зорьж байна. Соёлын яамнаас зохион байгуулж буй Соёлын бүтээлч сараяны хүрээнд Дүрслэх урлагийн музей, Чойжин ламын сүм музей хамтран энэхүү үзэсгэлэнг дэглэж, 1965 оноос хойш нэгэн дор дэлгэн үзүүлж амжаагүй байсан Өндөр гэгээн Занбазарын мутрын бүтээл болох Үл хөдлөгч, Эрдэнэ үүсгэгч, Цаглашгүй гэрэлт, Үйл бүтээгч, Машид гийгүүлэн зохиогч язгуурын таван бурхныг анх удаа хамтатган олон нийтэд дэлгэн үзүүлж байна. Язгуурын таван бурхан нь бурхан шашны зан үйлтэй холбоотой хэдий ч монголын ард түмний үүсгэн хөгжүүлж дүрслэх урлагийн бүхий л мэдлэг ухааныг шингээсэн хосгүй гайхамшигт урлагийн бүтээл юм. Эдгээр бүтээлд агуулж буй үндсэн шинж чанарыг олон нийтэд дэлгэн үзүүлэх, сурталчлан таниулах, эдгээрийг хайрлан хамгаалж эрхэмлэн дээдлэн бахархах үзэл санааг нэмэгдүүлэхээс гадна хүмүүст урлагийн төрлүүдийг хөгжүүлэх шинэлэг санаа өгнө гэдэгт итгэж байна” гэв.

 

Монголчуудын урлахуй ухааны дээж болсон энэхүү язгуурын таван бурхан 1965 оныг хүртэл Чойжин ламын сүм музейд хадгалагдаж байгаад Дүрслэх урлагийн музей анх байгуулагдахад дөрвөн бурхныг шилжүүлсэн тухай түүх бий.

Өндөр гэгээн Занабазар очирт хөлгөний ёсны язгуурын таван бурхан болох Үл хөдлөгч, Эрдэнэ үүсгэгч, Цаглашгүй гэрэлт, Үйл бүтээгч, Машид гийгүүлэн зохиогч тэргүүтнийг гэгээн, ариун, сэтгэл татам, хүмүүний ертөнцийг нигүүлсэнгүйгээр ширтэж буй дүр дүрслэлтэй бүтээсэн нь бурхан урлалын түвшнийг урьд өмнө байгаагүй өндөрт хүргэсэн тухай судлаачид тэмдэглэсэн байдаг.


Язгуурын таван бурхан сэтгэлийн таван гэм болох уур хилэн, мунхаг харанхуй, шунал, харам сэтгэл, атаа жөтөөг эсрэг хүч болгон урвуулж мятаршгүй их тэсвэр тэвчээр, мэргэн ухаан, энэрэл нигүүлсэл болгон урвуулах бэлгэдэлтэй аж.


Монголын их соён гэгээрүүлэгч, төр болоод шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Анхдугаар Богд Жавзандамба Лувсандамбийжанцан сайн цогтын урласан шүтээн урлалын оргил болсон бүтээлүүдийг нэг дор цогцлоосон тус үзэсгэлэн энэ сарын 14-нийг хүртэл олны хүртээл болох юм.







Холбоотой мэдээ