Турк улстай соёлын салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-11-02 11:27:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын яам болон Бүгд Найрамдах Турк Улсын Соёл, аялал жуулчлалын яам “Соёлын салбарт хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. 


Соёлын сайд Ч.Номин Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк Улсын Соёл, аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсоё  нар соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд өнөөдөр уулзаж ярилцсан. 

Санамж бичиг байгуулснаар хоёр улсын соёл урлагийн байгууллагууд болох театр, музей, номын сан болон соёлын өвийг хадгалах, хамгаалах, сэргээн засварлах чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг харилцан дэмжихээр тохиров. 

Мөн театр, хөгжим, бүжиг дэглэлт, дуурь, балет, дүрслэх урлаг, дизайн, урлагийн сэтгэлзүй болон урлагийн боловсрол зэрэг чиглэлээр харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ уламжлалт гар урлалын чиглэлээр мэргэжилтэн, судлаач, хоёр улсын соёлын салбарт ажиллаж буй албан ёсны төлөөлөгч болон шинжээчдийг харилцан солилцож, туршлага солилцож байхаар боллоо. 

Түүнчлэн харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд талууд үндэсний соёлын өвд хамаарах эд зүйлийг хууль бусаар импортлох, экспортлох болон худалдаалахаас урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллах юм.



Холбоотой мэдээ