ДОРНОГОВЬ: Залууст ээлтэй шийдвэрээ танилцуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучууд, хөгжлийн газар /ГБХЗХГ/-аас хэрэгжүүлж буй “Залууст ээлтэй шийдвэр” үйл ажиллагааны хүрээнд сумдын Засаг дарга залууст ээлтэй шийдвэрээ танилцуулж байна.
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг дарга Д.Бэхбат залууст зориулсан ямар бодлого үйл ажиллагаа хэрэгжүүлж байгааг онцоллоо.
Төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын их, дээд сургуульд 4-6 жил суралцаж буй оюутныг сумаас сонгон шалгаруулж гэрээ байгуулан сургалтын төлбөрийг хариуцан төлөхөөр шийдвэрлэсэн бол орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “МАК” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Төрийн албан хаагчийн найман айлын орон сууц барьж ашиглалтад оруулах дөхжээ.
Залуучуудын цагийг зөв боловсон өнгөрүүлэх, шилдэг тамирчдыг тодруулах сум хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор засаг даргын нэрэмжит нээлттэй гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, 160 гаруй залууг хамруулжээ.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх 1,000,000 төгрөгийн тэтгэлэгтэй “Оролцоо” төсөлд Даланжаргалан сумаас 2021 онд 18-36 насны долоон иргэнийг, 2022 онд нэг иргэнийг тус тус хамруулсан аж.
Үүнээс гадна Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвтэй хамтран 2022-2023 оны хичээлийн жилд Даланжаргалан суманд танхим, цахим хосолсон хэлбэрээр хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж буй бол сумын мэргэжилгүй болон зорилтот бүлгийн иргэдийг судалгааг гаргаж 30 иргэнийг хамруулж орон нутагт эрэлттэй байгаа Тээрэм бутлуурын оператор, нөхөн сэргээлт гэсэн мэргэжлээр суралцуулж байна.