Ханбогд суманд 200 орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-08-22 22:18:31

Өмнөговь аймгийн Ханбогд суманд 200 орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй гэж цэцэрлэгүүдийн удирдлагаас мэдээллээ. Тус суманд энэ жил цэцэрлэгийн насны 600 гаруй хүүхэд байгаа гэнэ. Харин 300 хүүхдийн багтаамжтай 2 цэцэрлэгтээ 410 хүүхэд хамруулахаар энэ 8 дугаар сард бүртгэжээ.

Нэг багшийн стандарт норм нь 12.5 байх ёстой байдаг бөгөөд одоо нэг багшид 16 хүүхэд оногдож байгаа юм байна.

Уул уурхайгаа дагаад хүн ам огцом өссөн тус сумын хувьд нэн тэргүүнд шаардлагатай байгаа зүйл цэцэрлэг ажээ. Хуучин 50 хүүхдийн цэцэрлэгтэй байсан бөгөөд өргөтгөл хийснээр 125 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай болгосон гэнэ. Мөн аймгийн хөрөнгө оруулалтаар  175 хүүхдийн шинэ цэцэрлэгийг 2013 онд ашиглалтанд оруулжээ.

Ханбогд сумын бусад сумдаас ялгарах онцлог нь уул уурхайтай, хилийн бүсийнх юм. Гашуун сухайтын боомт болон боомтын наад талын Хайрхан багийн хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахын тулд 22 дугаар цэцэрлэгийнхээ нэг бүлгийг боомтон дээр нээсэн гэнэ. Тэнд 20 гаруй хүүхэд хамрагдах бөгөөд багш, нэг тогоочийн хамт ажиллах ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ