СҮХБААТАР: Үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-10-30 19:22:52

Сүхбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун болон холбогдох албаны хүмүүс тус аймагт ажиллах үеэрээ орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж буй зарим үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.


Тодруулбал, Дарьт шүтээн ХХК-ийн Баян тал махны үйлдвэр, Хийморьт агшуун компанийн Баялаг нарийн боовны цех, Дөрвөн гэгээн эрдэнэ хоршооны ноосны үйлдвэртэй танилцсан юм. Баян тал МБҮ-ийн Иран улсад хурганы мах экспортолж буй ажлыг онцлон сайшааж цаашид мал махыг экспортод гаргах ажлыг бодлогоор дэмжиж орон нутгийн үйлдвэрүүдтэй хамтран ажиллахаа салбарын сайд хэллээ.

Мөн 20 гаруй жил тогтвортой ажиллаж орон нутгийн иргэдээ гурилан бүтээгдэхүүнээр хангаж буй Баялаг НБЦ-ийн хамт олонд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Тус цехийн удирдлагын зүгээс түүхий эд болох гурилын үнэ өссөнтэй холбоотойгоор бүх төрлийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа нь үйлдвэрлэгч болоод хэрэглэгчдийн хувьд хүндрэлтэй байгааг хэллээ. Мөн үүнийгээ дагаад худалдан авалт буурах эрсдэл байгааг ч санууллаа.  


Дөрвөн гэгээн эрдэнэ хоршоо нь мал мах, малын гаралтай түүхий эдийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Сүхбаатар аймаг төдийгүй зүүн бүсийн хэмжээнд анхдагч болохуйц ноос боловсруулах үйлдвэрийг барьсан юм. Хил гаалийн асуудлаас шалтгаалан үйлдвэрийн тоног төхөөрөмжөө оруулж ирж чадалгүй, хүлээлтийн байдалтай байгаа аж. Тус үйлдвэр ашиглалтад орсноор орон нутгийн 30-40 иргэн ажлын байраар хангагдахаас гадна цаашид ноос, ноолууран бүтээгдэхүүнийг орон нутагтаа үйлдвэрлэх бүрэн боломжтой бас хүчин чадалтай юм. Өөрсдийн хөрөнгөөр орон нутагтаа ийм том бүтээн байгуулалтыг хийж буйг салбарын сайд сайшаагаад бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм. 

Холбоотой мэдээ