Залуучуудын өдөрлөг 10 дахь жилдээ өргөн дэлгэр боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРЖил бүр уламжлал болон зохиогддог Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5-р баг буюу "Шинэ булаг" багийн залуучуудын өдөрлөг энэ жил 10 дахь жилдээ өргөн дэлгэр боллоо.
Өдөрлөгт залуучууд төдийгүй багийн бүх иргэд оролцож, тэдэнд зориулсан тэмцээн уралдаан болохоос гадна эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, төрийн бусад мэдээ мэдээлэлийг өгч, ажлын тайлан төлөвлөгөөгөө хэлэлцдэг.
Энэ удаагийн өдөрлөгийн үеэр Аймгийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газрын нэгдсэн үзлэг, шинжилгээний баг Сүхбаатар суманд ажиллаж, 5-р багт ирсэн байна. Багийн бүх иргэдэд ЭХО, эмэгтэйчүүд, мэдрэл, дотор, өндөр настан, хүүхэд гээд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, мөн сум, багийн эмч нар үзлэг, шинжилгээ хийлээ. Хөдөөгийн малчдын хувьд тэр болгон нарийн үзлэг шинжилгээнд орж чаддаггүй, ингэж нэг дор эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд орж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Мөн багийн залуучуудын дунд уурга шүүрэх, морь уургалах, эмнэг сургах, олс таталт, "Би чадна", бөхийн барилдаан зэрэг олон уралдаан тэмцээн зохиож, аваргуудаа тодруулсан байна.
Сүхбаатар сумын 5-р баг буюу "Шинэ булаг" баг 350 хүн амтай. 120 өрхтэй. Аймгийн тэргүүний багаар 3 удаа шалгарсан. Багийн залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын холбоо, зөвлөлтэй, багийн сантай. Хуримт, Мянгат, Сөдөд гэсэн бүлгүүдтэй. Багийн даргын Д.Донёдын хувьд 16 жил ажилласан, ажлын дадлага туршлагатай нэгэн. Багийнхаа иргэд, малчид руу чиглэсэн олон ажлуудыг амжилттай зохион байгуулж, төрийн үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж, төр, ААН, ард иргэдийнхээ уялдаа холбоог сайжруулж, хамтаран ажиллаж чаддаг гэнэ. Удахгүй багийнхаа ахмадын өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Т. Одончимэг