СЭЛЭНГЭ: Б.Сүхболд: Хүнд хэрэгцээтэй бүхий л асуудлууд багийн Засаг даргатай хамааралтай байдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг анхан шатны нэгж болсон
багийн Засаг дарга, сумдын статистикийн асуудал
хариуцсан ажилтнуудад чиглэсэн чадавх бэхжүүлэх сургалт өнөөдөр боллоо.
Сэлэнгэ
аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд болсон эл сургалтад аймгийн 57 багийн
Засаг дарга, 17 сумдын статистик
хариуцсан мэргэжилтнүүд оролцов.
Ингээд сургалтын талаар зарим
хүмүүсийн сэтгэгдлийг хүргэе.
Сэлэнгэ
аймгийн Статистикийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Батбаатартай
ярилцлаа.
-Сургалтын онцлог болоод үр дүнгийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Сургалт
аймгийн Засаг даргын 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын
хүрээнд, шинээр томилогдсон болон сонгогдсон багийн Засаг дарга, сумдын Статистик
хариуцсан ажилчдын чадавхыг бэхжүүлэх зорилготой. Сургалтыг аймгийн ЗДТГ, ҮСХ хамтран зохион байгууллаа. Сургалтын ач холбогдол гэвэл анхан шатнаас гарч
байгаа мэдээллийн чанарт анхаарахад чиглэж байгаа. Энэ анхан шатнаас гарч
байгаа мэдээлэл бодитой, үнэн зөв байж дараа дараагийн шатанд бодлого
боловсруулагч нарт үнэн зөв мэдээлэл очих ёстой. Багийн дарга нар улс төрийн
ажилтан гэдэг утгаар 4 жил тутам солигддог. Иймээс тэднийг чадавхжуулах
сургалтыг 4 жил тутам явуулсаар ирсэн. Өнгөрсөн хугацаанд цар тахлын улмаас
сургалтыг танхимаар явуулж чадаагүй. Ингээд өнөөдөр өргөн бүрэлдэхүүнтэйгээр танхимаар
явуулж байна.
Өмнө
нь 4 жилийн давтамжтайгаар зохион байгуулдаг байсан. Шинээр ямар нэгэн тооллого зохион байгуулах ажил гарсан тухайн үед нь
сургалт зохион байгуулдаг.
-Оролцогчдод
ямар мэдээллийг түлхүү олгов?
-Манайд хүн ам, өрхийн бүртгэлийн, мал тооллогын, ХАА, газар тариалангийн гэсэн мэдээллийн сангууд үйлчилдэг. Эдгээр мэдээллийн сангуудын хэрэглээ маш өргөн хүрээнд явагддаг. Иймээс энэ талаарх мэдээллээ үнэн зөв хангах чиглэлээр мэдлэг өглөө.
Мандал сумын Төмөр замчдын 1-р багийн Засаг дарга Б.Сүхболд:
Хүнд хэрэгцээтэй бүхий л асуудлууд багийн Засаг даргатай хамааралтай байдаг
-Багийн Засаг дарга нарыг чадавхжуулах сургалтад сууснаар хэрхэн
мэдлэг, мэдээлэл олж авч байна. Энэ талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Бид
энэ сургалтаар статистиктэй холбоотой тоон мэдээлэл, программ дээр
хэрхэн ажиллах, мэдээллийг хэрхэн бэлтгэх, цуглуулах зэрэг мэдлэгийг олж авч
байна.
Ковид
цар тахлын нөлөөгөөр 2 жил завсарласны дараа өнөөдөр маш өргөн бүрэлдэхүүнтэй сургалтыг
танхимаар зохион байгуулж байна. Энэ сургалтаар бид статистикийн программ дээр
хэрхэн ажиллах, ямар судалгаа тоон мэдээллийг ямар хугацаанд хэрхэн гаргах, тайлан
мэдээгээ яаж хийх гээд маш үр дүнтэй мэдлэгийг олж авдаг.
Мөн
сургалтад суухын давуу тал нь мэдлэг олж авахаас гадна шинэ мэдээ мэдээлэлтэй
болж, өөрөө өөрийгөө чадавхжуулах нь чухал байдаг.
ХАА,
статистик, мал тооллоготой холбоотой тусгай программууд байдаг. Үүн дээр багийн
Засаг дарга нар ажиллаж сурсан байх шаардлагатай байдаг. Ингэснээр тухайн
иргэн сум орон нутагт хэзээ шилжиж ирсэн, хэзээ шилжиж явсан. Мөн тухайн
өрхийн мэдээлэл нь ямар байгаа. Тухайлбал хэнийх гэдэг айл, хэдэн ам бүлтэй тухай
мэдээллийг программдаа оруулж, өрхийн мэдээлэлд баяжилт хийдэг. Энэ мэдээллээ
тухайн дарга сар бүр эсвэл хагас жил, улиралд ч юмуу тодорхой хугацаанд хийж, мэдээллээ
цуглуулж аваад эргээд иргэдэдээ тухайн мэдээллийн дагуу ханддаг.
-Таны
хувьд хэрхэн ажиллаж байна. Өөрийнхөө багийн талаар товч мэдээлэл өгөхгүй юу?
-Манай
баг 3200 гаруй гаруй хүн ам, 903 өрхтэй. Үүнээс 401 ахмад настан, хөдөлмөрийн
насны идэвхтэй 2100 хүн, 1900 орчим хүүхэдтэй баг. Тэгэхээр эдгээр
хүмүүсийн тоон мэдээлэл, судалгаа бүх мэдээлэл багийн Засаг дээр байдаг. Энэ тоон
мэдээлэл, судалгаанаас улбаалаад тухайн баг дээр оршин суугаа, амьдарч байгаа иргэдийнхээ
судалгааг төрөл бүрээр, чиглэл чиглэлээр гаргадаг. Тэгээд үүн дээрээ үндэслээд
иргэдэдээ мэдээллээ хэрхэн хүргэх, ямар ажил зохион байгуулахаа тодорхой
төлөвлөөд ажилладаг.
-Өөрөө
багийн Засаг даргын ажлыг ямар хугацаанд гүйцэтгэж байна. Багийн дарга гэдэг
хүн иргэдийнхээ талаар маш нарийн мэдлэг, мэдээлэл, ойлголттой байдаг болов
уу. Ажлынхаа онцлогоос сонирхуулахгүй юу?
-Миний хувьд багийн Засаг даргаар 2 дахь удаагаа улиран ажиллаж байна. Ерөнхийдөө багийн Засаг дарга гэдэг бол төрийн анхан шатны нэгж байгууллагын төлөөлөл. Энэ ажлын онцлог гэвэл миний ойлголтоор хөрсөн доорх баялгаас эхлээд дээшээ тэнгэр хүртэлх орон зайд байгаа амьтай, амьгүй бүх зүйл багийн Засаг даргатай хамааралтай байдаг. Энэ бол хамгийн гол асуудал. Тэгэхээр айлын нохой гарч яваад хүн урах, гэр бүлийн асуудал болоход ч, газар авахаар хүсэж байгаа хүнд ч, малын тарилга, туулга, малын өвчлөл, хадлан тэжээл, бэлчээр ашиглалт, худаг усны асуудал гээд хүнд хэрэгцээтэй байгаа бүхий л зүйлс, асуудлууд багийн Засаг даргатай хамааралтай байдаг. Энэ бүхэнд багийн Засаг дарга хамгийн гол үүрэг гүйцэтгэж, өөрөө оролцдог.
Дээр
нь иргэн, төрийн дээд шатны байгууллага болон холбогдох газар, хэлтэс, байгууллагуудад
иргэнийг холбож өгөх гүүр нь болж ажилладаг. Ийм л албан тушаалтай, ийм л үүрэгтэй
хүмүүс байдаг.
-Мэдээж
амьдрал баян. Янз бүрийн асуудлууд өрнөсөөр л байдаг байх. Өөрийнхөө арга
барилаас хуваалцаач?
-Мэдээж хаа газар бүрд сэтгэл эмзэглүүлсэн асуудал байдаг. Багийн Засаг дарга өөрөө давхар хүүхэд хамгааллын хамтарсан багийг ахалж ажилладаг. Тодруулбал гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой хэмжээнд төлөвлөгөө гаргаад ажилладаг. Олгогдсон хуулийнхаа дагуу, чиг үүргээрээ хуульд зааснаар ажиллаж байгаа.
Иргэн
ямар асуудалтай байна тэр асуудлыг шийдэхийн тулд ажиллана. Иргэн ямар хүсэлт
тавина түүнд дэмжлэг үзүүлэх үүднээс зуучилж, холбож өгнө, дээд байгууллагад
уламжилна.
Багийн
дарга хүний хамгийн сайхан мөч бол иргэдээсээ баярлалаа гэдэг үгийг сонсох л
хамгийн сайхан байдаг.
Багийн
Засаг дарга бол улс төрийн албан тушаалтан. Энэ утгаараа 4 жилийн хугацаанд нэр
дэвших эрх өөрт нь байдаг. Мөн дэвшихгүй байх эрх нь ч байдаг. Ерөнхийдөө нэр
дэвшээд гараад баталгаажигдаад багийн Засаг дарга, хорооны Засаг дарга болсон
тохиолдолд хамгийн гол нь иргэнийг маш сайн сонсох хэрэгтэй болдог.
Мөн тэдэнд ямар асуудал байгааг маш сайн ойлгож авах хэрэгтэй. Дээр нь өөрөө тал бүрийн мэдлэгтэй байх нь чухал. Үүн дээр хамгийн гол зүйл нь сэтгэлтэй, зүтгэлтэй байх хэрэгтэй. Иргэдийхээ асуудлыг аль болох шийдэж өгч чадвал та өнөөдөр энэ албан тушаалыг хашиж яваагийн хариуцлага чинь тодорхойлогдоно л гэж би ойлгож, бодож явдаг даа.