Хотын дарга цахим шилжилтийн төлөвлөгөөг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-27 14:55:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн салбар бүрд мэдээлэл технологийн шийдлийг ашиглан, иргэдийн ажиллаж, амьдрахад таатай ухаалаг хот бий болгоход нийслэлийн төрийн байгууллагууд үндэсний мэдээлэл технологийн 70 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж байна.


Улаанбаатар хотын цахим шилжилтийг хувийн хэвшилтэй хамтран 2022-2024 онд хэрэгжүүлэх томоохон төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар танилцуулав. Энэ үеэр “Цахим шилжилт нь авлига, хүнд суртлыг багасгаж, төрийн үйлчилгээг ил тод болгохоос гадна иргэдийн цаг, зардал мөнгийг хэмнэх олон давуу талтай”-г тэрбээр онцлов.


“Дижитал шилжилт”-ийн төлөвлөгөөг олон улсын жишиг, өөрийн орны онцлог, иргэдийн соёл уламжлал, байгаль орчны эрс тэс уур амьсгал, төрийн байгуулалтын онцлогт тулгуурлан Цахим засаглал, Зам, тээврийн нэгдсэн ухаалаг систем, Аюулгүй хот гэсэн гурван дэд бүлэгт замын хөдөлгөөний менежментийг сайжруулах, боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн албаны хяналт, хариуцлагыг сайжруулах, хөрөнгө оруулалт, төсвийг нэмэгдүүлэх, авлига, хүнд суртлыг багасгах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор боловсруулан, хэрэгжүүлж эхлээд байна.

Нийслэлээс цахим шилжилтийн хүрээнд өмнө нь хийж байсан ажлууд, үндэсний мэдээлэл технологийн 70 гаруй аж ахуйн нэгж, монгол инженерүүдтэй хамтран хэрэгжүүлж буй төслийн заримаас танилцуулбал:


UB ERP систем

Нийслэлийн төрийн бүх шатны 1322 байгууллагын 30 мянга гаруй албан хаагч хоорондоо орон зай, цаг хугацаанаас үл хамааран харилцан, албан бичиг шуурхай солилцох нэгдсэн платформтой болж, цаасан суурьт ажиллагааг цахимжуулсан. Нэг албан тоотыг илгээхэд шаардагддаг байсан хугацаа, цаас, шуудангийн зардлыг халж, 2.415.231 албан бичгийг цахимаар солилцсоноор 2.565.275 ш цаас хэмнэсэн.

Мөн иргэдээс нийслэлийн албан тушаалтан, байгууллагад хандан гаргасан өргөдөл, гомдлыг цахим, утсаар, биечлэн гэсэн 12 эх үүсвэрээр, өдөрт 500 гаруй өргөдөл хүлээн авч, нэгдсэн системд оруулан, хариуцсан албан тушаалтан руу шилжүүлэн, хяналтыг цахимаар тавих, шийдвэрийг шуурхай хүргэх боломжийг бүрдүүллээ. Тус системд түшиглэн, албан хаагч тус бүрд өөрсдийг нь тодорхойлох, үнэлгээ өгөх, гомдол, талархал илгээх, удирдах албан тушаалтнуудтай уулзалтын цаг товлох боломж бүхий QR код нэвтрүүлж, өдөр тутмын үйл ажиллагааг бодитоор үнэлэн, ажлын бүтээмжийг нэмэх боломжийг судалж байна.




 E-Service - E-Mongolia

Нийслэлийн цахим үйлчилгээний E-SERVICE системийг 2018 онд хэрэглээнд нэвтрүүлж, 13 байгууллагын 123 үйлчилгээг цахимжууллаа. Үүнээс гарч буй эерэг үр дүн, туршлага нь төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системийн сайн туршлага болж, одоогоор E-Mongolia систем нь төрийн 764 үйлчилгээг нэвтрүүлж, иргэдэд давхардсан тоогоор 10 сая гаруй удаагийн цахим үйлчилгээ үзүүлж, 167 тэрбум орчим төгрөг хэмнэжээ.



 

Холбоотой мэдээ