"Bravo circus" Олон улсын циркийн шилдэг үзүүлбэрийг толилуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-10-18 15:17:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Bravo circus" олон улсын циркийн тоглолт Монгол бөхийн өргөөнд энэ сарын 21-30-нд циркийн гайхамшгийг мэдрүүлнэ.


Тоглолтод дэлхийн циркийн урлагийн шилдэг 11 улсын 86 жүжигчин болон сургуультай амьтад оролцох юм. Тухайлбал, ОХУ, Армени, Вьетнам, Африк, Япон, Аргентин, Казахстан, Узбекистаны циркчид тоглох бол аварга могой, морь, нохой, зэрэг амьтдын хөгжилтэй үзүүлбэрээр хүүхэд багачуудыг баярлуулах юм.


Цирк гэр бүлд халуун дулаан уур амьсгал бэлэглэдэг. Хүн бүр хүүхэд багачуудаа баярлуулахаар гэр бүлээрээ тоглолтыг зорьж, баярлах гайхах зэрэгцэн хүүхдүүдийнхээ баяр хөөрийг хараад дагаад баясдаг гайхалтай урлаг. Тиймээс тоглолтыг зохион байгуулагчид Монголын гэр бүл үзэгчид, хүүхдүүддээ циркийн урлагаас авдаг гайхамшигт мэдрэмжийг тасалдуулахгүйн тулд олон улсын циркийн тоглолт зохион байгуулах бэлтгэл ажлыг өнгөрсөн хавраас эхлүүлжээ. Монгол бөхийн өргөө одоогоор Монголд циркийн барилгад хамгийн ойрхон очиж байгаа байгууламж юм. Тоглолтод агаар орон зайг эзэлсэн төрөл бүрийн дэлхийн том том үзүүлбэр оролцож байгаа учир дэлхийн циркийн стандартад нийцсэн, Монголд өмнө нь засаж байгаагүй тоглолтын манеж тайзыг Монгол Бөхийн өргөөнд иж бүрнээр нь жүжигчид болон үзэгчдийн аюулгүй ажиллагааг 100 хувь хангаж засаж тохижуулсан гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.

Мөн гэрлийн гайхамшиг, амьд хөгжмийн оркестр хамтлаг зэрэг циркт байх ёстой бүгд байх болно. Циркээс авдаг сэтгэл хөдлөл, айдас, инээд, аз жаргал зэргийг таны гэр бүл хүүхдүүдэд мэдрүүлэх гэж Монголын Циркийн урлагийн жүжигчид зохион байгуулагчид хичээж байгааг тодотгов.


“Циркус Монголиа Хадгаа” циркийн захирал Ч.Хатанбаатар хэлэхдээ, “Браво циркус” уран бүтээлийн нэгдэл, Монголын циркчидийн холбоо, “Монгол циркус” энтертайнмент, “Циркус Монголиа Хадгаа”  нэгдэн гэр бүл, хүүхэд багачуудад халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхээр зунаас хойш бэлтгэл ажлаа хийсэн. Нийт 10 өдрийн туршид циркийн орчин, стандарт тайз засал, уур амьсгалыг үзэгчдэдээ мэдрүүлэхийг зорьж байна. Казахстаны жүжигчдийн хөгжилтэй нохой, аварга могойны үзүүлбэр, дэлхийд алдартай “Үхлийн цагариг” үзүүлбэр үзэгчдэд таалагдана гэдэгт итгэж байна. Мөн Алматы циркийн морьтонгууд, Монголын морьтонгуудтай хоршин тоглоно.  Узбекистаны циркчид өндөрт агаар дээгүүр алхдаг учир онцолж урьсан. Африкийн циркчид ахуйн хэрэглээний эд буюу төмпөнгөөр жонглёрдох зэрэг сонирхолтой үзүүлбэрүүд багтсан. Эцэг эхчүүдийг хүүхэд багачуудтайгаа хамт нэг үдшийг циркийн урлагтай хамт өнгөрүүлж жаргалтай мөчийг бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.


Дэлхийн циркийн шилдэг номеруудыг дуу хөгжмөөрөө чимэхээр ЦЕГ-ын Сүлд чуулгын үлээвэр найрал хөгжимчид оролцох бол тоглолтын ерөнхий найруулагчаар УГЗ, циркийн найруулагч Д.Зоригт ажиллаж байна.







Холбоотой мэдээ