Богд хааны ордон музейд “Хаан ордны намар-2022” нээлттэй өдөрлөг болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Богд хааны ордон музейгээс зохион байгуулж буй “Хаан ордны намар-2022” нээлттэй өдөрлөг өнөөдөр эхэллээ.
Нээлттэй өдөрлөгийн үеэр үзэгч үйлчлүүлэгчдээ зориулан музей үзэх тасалбарыг хоёр хүний дунд
нэг буюу 50 хувь, өндөр настан, хөгжлийн
бэрхшээлтэй иргэнд үнэ төлбөргүй үйлчлэх юм.
Энэхүү өдөрлөг соёлын биет өвд тулгуурлан хүүхэд залуучуудад
монгол ахуй, өв соёлыг таниулан өвлүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь
нэмрийг нэмэгдүүлэх, Төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол,
урлагийн бүтээлээр үндэсний бахархал төлөвшүүлж, эх оронч үзэл, эв нэгдлийг
нягтруулах зэрэг үзэл төлөвшүүлэх зорилготой.
Өдөрлөгийг нээж уран
бүтээлчид ая дуугаа өргөж, ШШГЕГ-ын дэргэдэх “Соёмбо” чуулгын бүжигчид “Домог
биелгээ”-г бүжсэн юм.
Энэ үеэр “Төрийн хатан эрдэнэ” катологи номын нээлт боллоо.
Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар хэлэхдээ, “Цэцэн хан аймгийн Хөвчийн жонон вангийн нутгийн Цэнд хиагийн охин болж мэндэлсэн эгэл охинд монголын хааны хатан болох төөрөг заяажээ. Багадаа Дунгаа нэртэй байгаад Тусч охин тэнгэр буюу Дондовлхам хэмээх нэрийг даяар зоноосоо хүртэж, өдгөө Дондовдулам хэмээн нэрлэгдэн түүхэнд үлдсэн Эх Дагины үлдээсэн өвийн өчүүхнийг багтаасан зурган цомог гэж хэлж болох нэгэн “чамин” ном өв соёлоо өргөн барьж байна. Төвд судлаач Б.Няммягмарын тодорхойлсноор, “Дондогдулам гэдэг нэршил бол буруу юм. Дондовлхам буюу Дондовдулам гэж нэрлэх ёстой. Энэ нэршлийг нутагшуулах ёстой гэсэн үүднээс ийнхүү тогтож байна. 1940-өөд оны үед Төрийн шагналт, зохиолч Д.Намдагийн “Цаг төрийн үймээн” зохиолд Дондогдулам нэрээр гарснаас хойш манайхан Дондогдулам гэж буруу нэршсэн гэдгийг судалгаагаар тогтоосон. Дондовдулам хатны намтар, хатан хүний үүргийг алдаршуулан, үйл хэргийг нь олон түмэнд түгээх зорилгоор “Улсын эх дагина” үзэсгэлэн, “Монгол төрийн хатан эрдэнэ “ каталоги хэвлүүллээ” гэв.
Мөн энэ үеэр “Хаан ордны зоог” асарт Монгол мастер тогооч Ж.Отгонпүрэв, тогооч Г.Тэнгис “Зоог барих уламжлал”-ын тухай танилцуулж, манж цавын тогоонд 300 хүний хоол хийж тус музейгээр үйлчлүүлж буй үзэгч, ЕБС-ийн сурагчдад “Хааны ордны хишиг” хүртээв.
Мастер тогооч Ж.Отгонпүрэв хэлэхдээ, “1924 оноос хойш Монголын сүүлчийн эзэн хаан Жавзандамба хутагтын өргөөнд түмэн олныг цэнгүүлсэн үйл ажиллагаа 100 жил орчим болоогүй. Монголын мастер тогоочдын холбооны тогооч нар 300 хүний хоол буюу бэрээсээ хийж байна. Монголчууд бэрээсээг чихэртэй гэж ойлгодог. Нэг онцлог нь бэрээсээ махан шүүстэй зоог юм. Хүн төрөлхтөний эртний хоолны нэг бэрээсээг төвдөөр дай буюу будаа гэж нэрлэдэг. Богд хаан Жавзандамба хутагт хувийн тогоочтой байсан. Тогооч нар нь хоол үйлдвэрлэхдээ Богдын их оточ буюу Сэрээнэн маарамбын зааварчилгаагаар 4 цагийн улиралд идээ ундааг хийдэг байсан. 1911 онд Хаант Оросын төлөөлөгч Богд хааны оройн зоогонд уригдсан тэмдэглэлдээ, “Богд хааны зоогонд уригдлаа. 27 төрлийн халуун зоогоор үйлчиллээ” гэсэн байдаг. Тэгэхээр хааны оройн зоог, хааны хоолны соёл маш өндөр хэмжээнд хөгжсөн нь харагдаж буй юм” гэв.
Нээлттэй өдөрлөг энэ амралтын өдрийг дуустал үргэлжилнэ.