АХАИББХ-ын VI дээд хэмжээний уулзалт Астанад эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-10-13 16:13:55

АСТАНА. /Kazinform/. Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын /АХАИББХ/ VI дээд хэмжээний уулзалт Казахстаны нийслэл Астана  хотноо эхэллээ.


Энэ жил Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд Казахстан улс даргалж байгаа юм.


Казахстан улсын нийслэл хоёр өдрийн турш хүндэт зочдыг хүлээн авна. Олон улсын томоохон арга хэмжээнд уригдсан төрийн тэргүүн нар Астана хотод хүрэлцэн иржээ.


АХАИББХ-ын дээд хэмжээний уулзалтад Азербайжан, Ирак, Иран, Киргиз, Палестин, Тажикистан, ОХУ, Турк, Узбекистан, Катар гэсэн 11 орны төрийн тэргүүн нар мөн Вьетнамын дэд ерөнхийлөгч, Хятадын орлогч дарга болон таван сайд оролцож байна. Тус бага хурлын ажиглагч улс болох Беларусийн Ерөнхийлөгч мөн нийслэлд хүрэлцэн ирсэн байна.


Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хуралд эдүгээ Ази тивийн 90 хувийг хамарч 27 гишүүн, 14 ажиглагч улс, байгууллагатай болсон бөгөөд төр, засгийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт, Гадаад хэргийн сайд нарын уулзалт, төрийн дээд албан тушаалтнуудын зөвлөлийн хурал, тусгай ажлын хэсгийн хуралдаан зэрэг хэлэлцүүлэг, шийдвэр гаргах механизмыг бий болгожээ.


Уг бага хурлыг байгуулах саналыг Казахстан улс 1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулган үеэр дэвшүүлжээ. Үйл ажиллагааны чиглэл, гол зорилго нь Ази тивийн энх тайван, аюулгүй байдлыг хангах бүхий л талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, итгэлцлийг бэхжүүлэхэд оршдог.

Холбоотой мэдээ