БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн хэмжээнд 496 мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн иргэд энэ намар хонин
толгойд шилжүүлснээр 496 мянган толгой малыг худалдан борлуулж, зах зээлийн
эргэлтэд оруулна гэсэн тооцоог аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргасан
байна.
Мөн 460,3 мянган толгой малыг хүнсэнд хэрэглэх аж.
Тус аймаг нь энэ жил малчдын түвшинд 62,6 мянган тонн хадлан бэлтгэхээр төлөвлөсөн
ч хадлангийн гарц муу байснаас төлөвлөгөө 9,3 мянган тонноор дутуу биелсэн. Иймд
ирэх өвөл аймгийн нутгаар өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул бэлчээрийн даац,
хэрэгцээнээсээ илүү гарсан малыг худалдан борлуулж, эдийн засгийн эргэлтэд
оруулахыг мэргэжлийн хүмүүс иргэдэд зөвлөөд байна.
2022-2023 оны өвөл Баян-Өлгий аймгийн түүхэнд анх удаа 2 сая 589 мянган
толгой мал өвөлжинө. Үүнээс Цэнгэл сумд хамгийн олон буюу 327,3 мянга, Дэлүүнд 300,5,
Ногооннуурт 281, Улаанхуст 238, Толбод 206, Баяннуурт 194,8, Алтайд 181,9,
Алтанцөгцөд 165,7, Бугатад 153,6, Булганд 146,4, Буянтад 143,6 мянган толгой
мал тус тус өвөлжих ажээ.
Харин 254 мянган толгой мал улсын тусгай хамгаалалттай газарт, 92 мянган толгой мал хилийн зурвас
бүсэд, 116 мянган толгой мал өөрийн аймгийн бусад сумдын, 109 мянган толгой мал
өөр аймгийн нутагт тус тус оторлох тооцоо гараад байна.