NASA дэлхийг сансрын биетээс хамгаалах анхны туршилт нь амжилттай болсныг зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2022-10-12 16:10:01

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын сансар судлалын NASA агентлаг аюул учруулж болзошгүй сансрын биетүүдээс дэлхийг хамгаалах анхны туршилт нь амжилттай болсныг мэдэгдлээ. 


“DART /Double Asteroid Redirection Test/ аппарат Дидим солирын дагуул болох Диморф солирын тойрог замын чиглэлийг өөрчлөх үүргээ амжилттай гүйцэтгэлээ. Өнөөдөр NASA DART хөлөг солирын чиглэлийг амжилттай өөрчилсөн болохыг баталлаа” гэж АНУ-ын сансар судлалын байгууллагын тэргүүн Билл Нельсон мягмар гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна. 


NASA-гийн судалгааны багийн сүүлийн хоёр долоо хоногийн мэдээлэлд хийсэн дүн шинжилгээгээр Диморфын тойрог зам 32 минутаар богиносож, Дидимустай харьцуулахад байрлал нь ч мөн өөрчлөгджээ. “Энэ бол хүн төрөлхтний хувьд өөрчлөлтийн үе юм” гэж Нельсон онцолсон байна. 


DART аппаратыг 2021 оны 11 дүгээр сард Калифорни муж улс дахь АНУ-ын Сансрын хүчний Ванденберг баазаас “SpaceX” компанийн “Falcon 9” зөөгч пуужингаар хөөргөжээ. Уг аппарат дэлхийгээс 11 сая гаруй км-ийн зайд орших Диморф солирыг өнгөрсөн есдүгээр сарын 27-нд мөргөсөн юм. 


NASA Дэлхийг солироос хамгаалах үйл ажиллагааг зохицуулах газрыг 2016 онд байгуулжээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дэлхий орчмын сансар огторгуйн орон зайд манай гарагт аюул учруулж болзошгүй солир, сүүлт одыг хайж илрүүлж, хэмжээ, тойрог зам, химийн найрлагынх нь талаар мэдээлэл цуглуулж байгаа юм. 

Холбоотой мэдээ