Хаан III Чарльзыг хаан ширээнд залах ёслол ирэх оны тавдугаар сард болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-10-12 09:57:47

ЛОНДОН. /DW/. Их Британийн хаан III Чарльзыг хаан ширээнд залах ёслол ирэх оны тавдугаар сарын 6-ны өдөр Вестминстерийн сүмд болно гэж Букингемийн ордон мягмар гарагт мэдэгдлээ.


Энэхүү ёслол нь саяхан таалал төгссөн хатан хаан II Элизабетын 1953 оны зургаадугаар сарын 2-ны өдөр болсон хаан ширээнд залах ёслолоос 70 жилийн дараа болох юм.


Хаан ширээнд залах ёслол нь эртний уламжлал, сүр жавхлант байдалд тулгуурлан эзэн хааны өнөөгийн үүргийг тусгаж, ирээдүйг харсан шинжтэй байна” гэж Букингемийн ордны мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.


Өдгөө 73 настай Чарльз нь Вестминстерийн сүмд Кентерберигийн хамба Жастин Уэлбигийн удирдан явуулах шашны ёслолын үеэр титэм зүүх юм. Түүний гэргий Камилла нөхрийн хамт титэм зүүнэ.


Хатан хаан II Элизабет есдүгээр сарын эхээр 96 насандаа таалал төгссөн бөгөөд улмаар түүний ууган хүү Чарльз хаанаар өргөмжлөгдсөн билээ.


Харин хаан ширээнд залах ёслолыг зохион байгуулах нь илүү удаан үргэлжилдэг үйл явц юм. Элизабетын хувьд гэхэд, энэхүү ёслолыг зохион байгуулахад жил гаруйн хугацаа шаардагдаж байсан бөгөөд Чарльзыг дөрвөн настай байхад зохион байгуулагдаж байжээ. 

Холбоотой мэдээ