Хоёр сурагчийг Хигашикава хотод япон хэлний сургуульд тэтгэлэгтэйгээр суралцуулах урилгыг гардууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын дэд сайд М.Батбаяр Соёлын яамны урилгаар Монгол Улсад хүрэлцэн ирсэн Хигашикава хотын дэд дарга Наоки Ичикава, Япон гэрэл зургийн холбооны ерөнхийлөгч Ёошино Хироаки нар болон Хигашикава хотын ахлах сургуулийн сурагчдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Соёлын дэд сайд М.Батбаяр Монгол Улсад хүрэлцэн ирсэн зочдод талархал илэрхийлж, өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцаа бүхий л салбарт эрчимтэй хөгжиж, цаашдын Монгол-Япон Улсын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэйгээ буйгаа илэрхийллээ.
Хигашикава хотын дэд дарга Наоки Ичикава нь соёл, урлагийн олон арга хэмжээ тэр дундаа Монгол Япон сурагчдын хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэнг дэмжин ажиллаж байгаа Монгол Улсын Соёлын яаманд талархал илэрхийлж, Монгол Улс, Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Хигашикава хотод Монгол Улсаас 2 сурагчийг япон хэлний сургуульд тэтгэлэгтэйгээр суралцуулах урилгыг гардууллаа.
Хигашикава хот нь “ГЭРЭЛ ЗУРГИЙН СОЁЛ”-оор дамжуулж “Хот ба хөдөө”-ийн соёлын уялдаа холбоог эрхэмлэн хадгалсан, олон улсад нээлттэй, залууст ээлтэй хотыг бүтээх зорилгын дор хөгжлийн бодлогоо “ГЭРЭЛ ЗУРГИЙН ХОТ” хэмээн тодорхойлж гэрэл зургийн олон улсын фестиваль, арга хэмжээг өргөн хүрээнд тогтмол зохион байгуулдаг. Одоогийн байдлаар тус хотод 13 монгол оюутан япон хэлний сургуульд суралцаж байна.
Мөн Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн 2022 оныг "Япон, Монголын хүүхэд залуучуудын найрамдал, солилцооны жил" болгон зарласантай холбогдуулан энэхүү ойн жилийг хүүхэд, залуусыг дэмжих хүрээнд онцгойлон анхаарч буйг цохон тэмдэглэсэн юм.
2022 оны 10 дугаар сарын 7-14-ний өдрүүдэд Монгол, япон сурагчдын хамтарсан “Oneness” гэрэл зургийн үзэсгэлэн, “Гэрэлт Ертөнц-0.5 секундийн зун” кино үзвэрийн арга хэмжээ Монголын уран зургийн галерейд зохион байгуулагдаж байна.