Сэлэнгэ аймагт анхдагч, шинэлэг нэгэн танхим нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-04 22:11:34

Сэлэнгэ аймгийн Боловсрол соёлын газарт “Мэдээлэл технологийн хөгжлийн төв” нэртэй шинэлэг танхим энэ сарын 2-ны өдөр нээлтээ хийлээ. 

 “Өнөөдөр нээлтээ хийж байгаа энэхүү “Мэдээлэл технологийн хөгжлийн төв” маань бусад аймагт бий болж хараахан амжаагүй. Анхдагч, шинэлэг ажил болж буйгаараа онцлогтой. ОУБ-ын Койка төслийн хүрээнд манай БСГ-т ажиллаж байгаа БНСУ-ын сайн дурын мэргэжилтэн Нүри төсөл бичиж, энхүү иж бүрэн сургалтын танхимыг өнөөдөр Сэлэнгэ аймгийн БСГ дээр байгуулж өгсөнд маш их талархаж байгаагаа илэрхийлье” хэмээн аймгийн БСГ-ын дарга Д.Загдгочоо танхимын нээлтийн үеэр хэллээ.

23 мянган ам долларын өртөгтэй уг танхимд нийт 37 ширхэг сүүлийн үеийн өндөр хурдны компьютер суурилсан байлаа.  Энэ танхимаар дамжуулаад аймгийн БСГ-ын мэргэжилтнүүд болон аймгийн сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, багш нарт сургалт зохион байгуулах юм байна. Мөн Сэлэнгэ аймгийн хүүхэд багачууд, иргэдэд солонгос хэлний сургалт зохион байгуулах аж. Тус төвийн багш, аймгийн БСГ-ын мэргэжилтэн Т.Сундуй:” Хөгжлийн төвийн хүчин чадал 37 компьютер байгаа. Багшийн компьютер нь AI7, сургалтынх AI5 үзүүлэлттэй. Бид энэ танхимаараа багш нарт чиглэсэн, тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэхэд зориулсан сургалтуудыг зохион байгуулна. Мөн Солонгос хэлний сургалт, ард иргэд, хүүхэд багачуудад зориулсан сургалт явуулна. Түүнчлэн сургуульд нь интернет байхгүй хүүхдүүд энд ирж суралцах боломжтой” хэмээн ярилаа.

                        Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг  

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд