ХОВД: Цайны идээгээ хаядаггүй, хатаагаад дэр хийдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-09-29 10:34:23

Ховд /МОНЦАМЭ/. "Цайны зам" өв соёлын наадмын  хүрээнд “Цайны соёл” үйл ажиллагаа боллоо.

Энэ үеэр урианхай, дөрвөд, захчин, мянгад, өөлд, торгууд зэрэг 10 гаруй угсаатан өөрийн нутгийн онцлог, иргэдийн ахуйн байдлыг харуулж,  угсаатны цай чанах уламжлалт аргыг танилцууллаа.

Мөн угсаатан бүр өөрсдийн цай чанах өвөрмөц арга, уламжлалт ёсоо танилцуулахаас гадна цай бааварлах, хандлах, амтлах, аягалах соёлыг иргэд, олон нийтэд харуулсан юм.

Энэхүү үйл ажиллагаа нь 2022 оны 9 дүгээр сарын 27, 28-ны өдөр Ховд аймгийн төв талбайд болж, угсаатны гэрүүд тус бүр өдөрт дунджаар 300 гаруй хүнд үйлчилж,  цайгаар дайлсан байна.


Жишээ нь, торгууд угсаатан эмийн чанартай ядаргаа тайлах цай чанасан бол, урианхай угсаатан тавласан цай чанажээ. Харин халх угсаатан толгой болон өвчүү, үхрийн борцтой ядаргаа тайлах цай, өөлд угсаатан зутан ба хариулсан цай зэргийг чанаж, өөрсдийн уламжлалт арга туршлагаа хуваалцлаа. 

Энэ үеэр цай чанасан эмэгтэйчүүд хэлэхдээ, цай нь хүний эрүүл мэндэд олон талын ашиг тустай, амин дэм агуулсан малын гаралтай бүтээгдэхүүн, сүүлний өөх, арвайн гурил, эмийн ургамлаар баяжуулж, цайны амт-чанарыг нэмэгдүүлж болно. Монголчууд эрт үеэс цайны идээгээ хаядаггүй, хатааж хадгалан дэр хийж ашигладаг хэмээв.

Холбоотой мэдээ