ХОВД: “Цайны зам” өв соёлын наадмыг үзэх, оролцохоор 5000 гаруй хүн иржээ

ОРОН НУТАГТ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-09-27 19:26:12

Ховд /МОНЦАМЭ/. “Цайны зам” өв соёлын гуравдугаар наадмын нээлт өнөөдөр аймгийн төв талбайд боллоо.

Энэ үеэр Ховд аймгийн 17 сумын ардын авьяастан, өвлөн уламжлагч, сурагчид, зарим байгууллагын ажилтнууд гээд 5000 гаруй хүн  угсаатны онцлог, соёл, уламжлалыг илэрхийлсэн үндэсний хувцсаар гоёж, баярын жагсаалд оролцлоо.

Мөн алтай магтаал, уртын дуу, морин хуурын аялгуу, бий биелгээ зэрэг угсаатны олон төрөлт урлагийн тоглолт сонирхуулсан.

Үүний зэрэгцээ 2 өдрийн өмнө Манхан сумаас хөдөлсөн тэмээн жингийн цуваа аймгийн төв талбайд ирж, тэмээгээр нүүдэл хийх эртний уламжлалыг тодотгон харууллаа.

“Цайны зам өв соёлын наадамд  Ховд аймгийн 17 сум, байгаль хамгаалах нөхөрлөл, Хөвсгөл аймаг, Баян-Өлгий аймгийн төлөөлөл болон гадаадын жуулчид, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын төлөөлөл гээд ойролцоогоор 5000 гаруй хүн оролцож, үзэж сонирхож байна гэж Ховд аймгийн мэргэжлийн салбар байгууллагууд онцоллоо.

Наадмын үйл ажиллагаа үргэлжилж байна. Тууль, цуур хөгжим, уран нугаралт, морин хуур, бий биелгээний уралдаан, угсаатны цай чанах ёслол, язгуур урлагийн тоглолт, цайны замэрдэм шинжилгээний бага хурал зэрэг үйл ажиллагаа тусгай хөтөлбөрийн дагуу өрнөж байна.     

Холбоотой мэдээ