“Mongolia Mining 2022” олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэнг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-09-21 16:23:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Mining week” үйл ажиллагааны нэг хэсэг болгож, “Mongolia Mining 2022” олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэнг “Стэп Арена” ордонд нээлээ.


Үзэсгэлэнг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Сүүлийн 2 жилд цар тахлын улмаас эдийн засагт бий болсон хүндрэл, олон улсын нөхцөл байдлаас Монгол Улсын эдийн засаг төдийлөн сайн сэргэхгүй байгаа. Уул уурхайн салбар гэхэд ДНБ-ий эзлэх хэмжээ 9 хувь болж багассан. Засгийн газраас шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд томоохон төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхийг зорьж байна. Хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь гадаадынх, үүний чухал хэсэг нь уул уурхай гэдэгтэй маргахгүй. Ийм эгзэгтэй чухал цаг үед “Mining week”-ийн хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулж байгаа нь ач холбогдолтой”-г онцлов.



Уул уурхайн салбар сүүлийн 5 жилд дунджаар ДНБ-ий 15, нийт экспортын 90 гаруй, гадаадын хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг бүрдүүлж байгаа нь энэ салбарын хөрөнгө оруулалт ямар чухлыг харуулж байгааг “Майнэкс Монголиа” компанийн Ерөнхий захирал Т.Баттулга дурдлаа.



Уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд хамтын ажиллагаа чухлыг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайд Кэйти Смит тэмдэглэсэн юм. Тэрбээр ярихдаа, “Энэ хамтын ажиллагааны явцад Австрали Монгол Улс тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал. Манай улс уул уурхайн салбарыг өндөр ач холбогдолтой гэж үзсээр байгаа. Монгол Улс энэ салбарт бэрхшээлийг давах, олон үйл ажиллагаа зохион байгуулахад хамтран ажиллаж байна. Уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, уул уурхайд өндөр стандарт тогтоох нь ач холбогдолтой”-г тэмдэглэлээ.


 

Монголын уул уурхайн салбарын шилдэг компаниудыг нэгтгэдэг тус үзэсгэлэнг 11 дэх жилдээ зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэнгийн үеэр уул уурхайн тоног төхөөрөмж, техник нийлүүлэгчдийн хамгийн том үзэсгэлэнд салбарын сүүлийн үеийн шийдлүүдийг нэг дор цуглуулж, харилцан туршлага судлах, бизнесийн харилцаа холбоо тогтоох таатай боломж олгож байна. Энэ жилийн хувьд Комацугийн Герман Улс дахь үйлдвэрийн нэрийн бүтээгдэхүүн болох том оврын экскаватор, тэр дундаа Комацу PC3000 модель, цоо шинэ Комацу HD465 автосамосвалиудыг үзэсгэлэнгийн гадна талбайд байршуулан танилцуулж байна. Тухайлбал, 60-95тн даацтай өөрөө буулгагч, 45 тн даацтай чингэлэг өргөгч, далд уурхайн тоног төхөөрөмж зэргийг үзэгчдэд сонирхуулжээ.




Үзэсгэлэнд анх удаа оролцож буй Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ойн генетикийн нөөцийн төвийн инженер Э.Очирсүрэнгээс ямар бүтээгдэхүүнээ санал болгож байгаа талаар сонирхоход, “Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт үйлдвэрт ногоон хөгжлийн төслийн нэгж байгуулсан. Бид 100 сая мод тарихаар ойн генетик нөөцийн Эрэдэнт төв байгуулсан, 1000 тн багтаамжтай модлог, өвслөг ургамлын үр, тарьц, суулгац бэлтгэн нийүүлэх, хадгалах, эргэлтэд оруулах зориулалттай 2 төрлийн зоорьтой. Монголд ургадаг бүх төрлийн модлог ургамлын үр бий. Хамгийн анхны дээж 600 кг үр бэлтгэснээс 161 кг үрийг энэ хавар тариалсан. Уул уурхайн компаниудад үрээ санал болгож, харилцаа холбоо тогтоох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөр үзэсгэлэнд оролцож байгаа. Манайх удахгүй хөрсний биотехнологийн үйлдвэр болон 100 га газарт мод үржүүлгийн газар байгуулж жилд 12 сая мод тарьц суулгах хүчин чадалтай автомат технологи нэвтрүүлнэ” хэмээсэн юм. 

Үзэсгэлэн энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ.






Холбоотой мэдээ