ОРХОН: “Ойн генетикийн нөөцийн төв” ойжуулагч, цэцэрлэгжүүлэгч бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-08-25 14:59:09
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд Эрдэнэт үйлдвэр нэгдэж, 100 сая мод тарьж ургуулахаар зорилт тавин ажиллаж байна. Үүний хүрээнд Ногоон хөгжил төсөл хэрэгжүүлж, Ойн генетикийн нөөцийн төв байгуулсан.

Ногоон хөгжил төсөл нь мод үржүүлэг, хөрс боловсруулалт, нөхөн сэргээлт зэрэг ойн иж бүрэн үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ энэ чиглэлийн мэргэжлийн ажилчин, боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарч байна. 

Төслийн нэгжийн санаачилгаар мэргэжлийн ойжуулагч, цэцэрлэгжүүлэгч бэлтгэх  сургалтыг Цэцгийн гайхамшиг төвтэй хамтран эхлүүллээ. Тус сургалтыг Ойжуулалт, мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн арга технологи сэдвийн хүрээнд онол, дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.

Сургалтад эхний ээлжид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан, хүмүүжигч нарыг хамруулан, ойн мэргэжлийн чиглэлээр ойлголт, мэдлэг олгож байгаа аж. Өөрөөр хэлбэл, сургалтад хамрагдсанаар ой хамгаалах, нөхөн сэргээх, модлог ургамлыг үржүүлэх, арчлах, үр мөчир бэлтгэх, тарих, хөрс боловсруулах, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж байгуулах аргад суралцаж, мэргэжлийн сертификаттай болох юм.

Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ойн генетикийн нөөцийн төвөөс цаашид мэргэжлийн ойжуулагч, цэцэрлэгжүүлэгчдийг бэлтгэх сургалт, дадлагыг үе шаттай тасралтгүй үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.  


Холбоотой мэдээ