ЗАВХАН: Амьтдын зан төлөвийг гэрэл зургаар дамжуулан судалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-08-25 12:04:09

Завхан /МОНЦАМЭ/. Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа автомат камерын судалгаагаар 3200 гаруй гэрэл зургийг авч баримтжуулжээ.


Хамгаалалтын захиргаа нь зэрлэг амьтдын байршил, зүйлийн бүрдэл, тоо толгойг тогтоох нарийн мэдээлэл цуглуулах зорилгоор сүүлийн хоёр жил 40 гаруй автомат камерыг судалгаандаа ашиглажээ. Автомат камерын судалгааг Отгонтэнгэрийн дархан цаазат газрын Нарт нуур, Улаагчины Хар нуурын байгалийн цогцолборт газрын Бэрх уул, Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын Алаг хад, Майхан уул зэрэг газарт хийж зэрлэг амьтдын 1700 гаруй өдрийн гэрэл зураг, 600 гаруй шөнийн гэрэл зургийг авчээ.


Судалгааны дүнд халиун буга, цоохор ирвэс, нохой зээх, шилүүс мий, Алтайн хойлог, эрээнхавирга хахилаг зэрэг 70 орчим зэрлэг амьтны зургийг маш ойроос авч цахим санд хадгалжээ. Дээрх камерууд нь хөдөлгөөний өндөр мэдрэгчтэй хэдий ч зарим гэрэл зургууд чанарын шаардлага хангахааргүй байна. Түүнчлэн зэрлэг амьтдын үр төлтэйгөө хамт болон гэр бүлээрээ байгаа гэрэл зургуудаас гадна ижил сүргээсээ тасарч буй байдал, зан төлөвийг ч дээрх гэрэл зургуудаас харж судалж болохоор байгаа нь сонирхолтой байна гэж Отгонтэнгэрийн УТХГЗ-аас мэдээлэв.  

Холбоотой мэдээ