Оросын тамирчны цахим бүртгэлд хууль бусаар нэвтэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-08-15 11:36:19

ВАШИНГТОН. /NHK/. ОХУ-ын сэргээшийн хөтөлбөрийн тухай дэлгэсэн Юлия Степановагийн Дэлхийн допингийн эсрэг агентлаг дахь /WADA/ цахим бүртгэлд хакерууд нэвтэрчээ.

Дэлхийн допингийн эсрэг агентлагийн компьютерын системд нэвтрэх Степановагийн нууц үгийг хэн нэгэн хууль бусаар авсан  байна гэж тус агентлаг мэдэгдэв.

Степанова нь гүйлтийн 800 метрийн төрөлд уралддаг, ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчин байсан юм. Тэрбээр ОХУ-ын хэрэгжүүлсэн допингийн хөтөлбөртэй холбоотой хэргийг дэлгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн ажээ.

Дэлхийн допингийн эсрэг агентлагийн систем нь тамирчдыг байгаа байрлалаа бүртгүүлэхийг шаарддаг бөгөөд ингэснээр тэд хүссэн үедээ допингийн шинжилгээний дүнг харах боломжтой байдаг байна.

Степанова ОХУ-ын допингийн хөтөлбөрийн тухай мэдээлэл өгснийхөө дараа АНУ руу нөхрийн хамт дүрвэсэн байна. Түүний нөхөр өмнө нь ОХУ-ын Допингийн эсрэг байгууллагад ажилладаг байжээ.

Дэлхийн допингийн эсрэг агентлагийн системд дэлхий дахины тамирчдын допингийн шинжилгээний дүн болон бусад мэдээлэл хадгалагддаг ажээ. Одоогийн байдлаар Степановагаас өөр тамирчны бүртгэлд нэвтрээгүй байна гэж агентлагийн ажилтнууд мэдэгдэв.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ