БАЯН-ӨЛГИЙ: 36 иргэн хүүхэд харах үйлчилгээ шинээр эрхлэх хүсэлт гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-08-24 15:17:38

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн 18 хүүхэд харах үйлчилгээний төв үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс аймгийн төв Өлгий хотод 13, Цагааннуур тосгонд 3, Цэнгэл сумд 2 төв байгаа ба 85 хүүхэд үйлчилгээнд хамрагджээ.

Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 36 иргэн шинээр хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргаад байна. Эдгээр иргэдийг энэ сарын 27-ны өдрөөс эхлэн 5 хоног сургалтад хамруулж, үйлчилгээ эрхлэх гэрчилгээ олгох аж.

Мөн тус газрын хүүхдийн эрхийн улсын байцаагч болон холбогдох мэргэжилтнүүд хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдэд “Хүүхэд харах үйлчилгээний шалгуур, болзол, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах, хяналт тавих журам”-ыг үндэслэн бэлтгэл ажлыг хангуулах хяналт шалгалтыг энэ өдрүүдэд хийж байна.

Хүүхэд харах үйлчилгээ нь хоёр наснаас ерөнхий боловсролын сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах үйл ажиллагаа юм. Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18-аас 65 насны Монгол Улсын иргэн уг үйлчилгээг эрхлэх боломжтой ажээ. 

Холбоотой мэдээ