Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх 12 үндсэн чиглэлийг тодорхойлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тогтоол баталсан байна.
Дэлхий нийтэд шинжлэх ухаан, соёл урлаг, технологийн салбарыг нэгтгэсэн бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого 2001 оноос хойш хэрэгжиж байна. Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бие даасан салбар болгон хөгжүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд Соёлын яамнаас олон улсын статистик судалгаанд суурилан соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгааг хийсэн байна.
Соёлын сайд Ч.Номин Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, “Монгол Улсын соёлын салбарт 11 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 5600 нь эрчимтэй үйл ажиллагаа явуулдаг. Идэвхтэй ажиллаж буй аж ахуйн нэгжүүд 33 000 иргэнийг ажлын байраар хангаж буй бөгөөд ДНБ-ий 1.4 хувийг эзэлсэн байна. Энэхүү судалгаанд тулгуурлан олон улсын зөвлөх үйлчилгээтэй хамтран соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх 12 үндсэн чиглэлийг тодорхойлсон. Үүнээс Монгол Улсын өрсөлдөх чадвар, нөөц бололцоо, өв соёлд тулгуурлан тэргүүлэх 6 чиглэлийг тодорхойллоо. Үүнд, Кино, Дүрслэх урлаг, Дуу хөгжим, Хувцас загвар, Дижитал контент, тоглоом хөгжүүлэлт, Утга зохиол, ном хэвлэл багтаж байна. Эдгээр тэргүүлэх чиглэлийг 8 бодлогод тулгуурлан хөгжүүлэхээр төлөвлөж, Засгийн газраар батлуулсан” гэлээ.