Риогийн цагдаа нар сэжиг бүхий цүнхийг дэлбэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-08-12 14:13:20

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /NHK/. Рио-де-Жанейро хотын Олимпын цэнгэлдэх хүрээлэнгүүдийн нэгнийх нь дотроос олдсон сэжиг бүхий цүнхийг Бразилын цагдаа нар дэлбэлжээ.

Риогийн Олимпын хорооны мэдэгдсэнээр, орон нутгийн цагаар пүрэв гарагийн оройн 5:30 цагийн үед Кариока цэнгэлдэх хүрээлэнгийн эмэгтэйчүүдийн угаалгын өрөөнөөс уг цүнх олдсон байна. Тус цэнгэлдэх хүрээлэн нь Олимпын гол паркад байдаг юм.

Риогийн Цагдаагийн газрын тэсрэх бөмбөг аюулгүй болгох ангийнхан цүнхэн дотор юу байгааг алсын удирдлагатай роботоор шалгаж, нэг цаг гаруйн дараа үүнийг дэлбэлжээ.

Телевизийн мэдээлснээр, хүчтэй дэлбэрэлт болсны дараа цагаан утаа суунаглаж байсан байна.

Харин Олимпын хороо мэдэгдэхдээ “цүнхэнд хүрэм, оймс болон таблет байсан” гэв.

Риогийн цагдаа нар үүний өмнө Олимпын цэнгэлдэх хүрээлэнгүүдээс нэг бус удаа сэжиг бүхий цүнх олж, дэлбэлж байсан юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ