Тайванийн Зэвсэгт хүчин арлын өмнөд хэсэгт сургуулилалт хийж эхэлжээ

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-08-09 12:38:49

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Тайванийн Зэвсэгт хүчин их буугаар байлдааны гал нээх сургуулилалтыг арлын өмнөд хэсгийн Пиндун хошуунд эхлүүлсэн тухай Тайванийн армийн наймдугаар корпусын төлөөлөгч мэдэгдэв.


Цэргийн сургуулийн үеэр 155 мм-ийн, өөрөө явагч охор их буу, 122 мм-ийн мина харвагчаар гал нээх аж. Сургуулилалтын зорилго нь болзошгүй дайсны дайралтаас хамгаалах тактик боловсруулж, их бууны байлдааны бэлэн байдлыг шалгах юм. 


Энэ нь Хятадын Ардын чөлөөлөх армийн /ХАЧА/ наймдугаар сарын 4-ний өдөр Тайванийн эргэн тойронд эхлүүлсэн томоохон хэмжээний сургуулилалтын хариуд авч буй арга хэмжээ юм. Харин Тайванийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, эдгээр үйл явдлаас бүр өмнө их бууны сургуулилалтыг хийхээр төлөвлөж байжээ.


Үүнээс гадна, Тайванийн арми мэргэн буучид, тусгай хүчнийхэн, нэгдсэн цэргийн батальонууд,  “Утаат ирвэс” хуягт машин болон мина харвагчууд оролцох жил тутмын сургуулилалтаа есдүгээр сарын 5-нд Пиндунд хийхээр төлөвлөж байна. Сургуулилтад мөн “AH-1W Super Cobra”, “AH-64 Apache” нисдэг тэргүүд оролцоно гэж Тайванийн төв мэдээллийн агентлаг мэдээлжээ.


Наймдугаар сарын 4-нд ХАЧА Тайванийг тойрсон зургаан бүсэд томоохон хэмжээний цэргийн сургууль хийж, пуужин харвасан билээ. Сургуулилалт АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайбэйд хийсэн айлчлал дууссаны маргааш эхэлсэн юм. 


Холбоотой мэдээ