Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлд эмч мэргэжилтнүүдийн саналыг тусгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-04 21:29:24
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын даргын 2022 оны 08 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс  өнөөдөр /2022.08.04/ Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.


Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн  хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, хүний эрхийг дээдэлсэн, аюулгүй байдлыг хангасан, ялгаварлан гадуурхалгүй, авлигагүй, сайн дурын, хүмүүнлэг, энэрэнгүй байх үндсэн зарчмыг баримталсан хуулийн төсөл боловсруулахын төлөө Ажлын хэсгээс онцгой анхаарч ажиллаж буйг тэмдэглээд эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүд идэвх санаачилгатай ажиллаж буйд талархлаа илэрхийлэв.


Уг хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Улсын нэдүгээр төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн удирдлагууд болон Монголын эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо, эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах багийн эмч мэргэжилтнүүд оролцов.


Хэлэлцүүлгээр Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг нэг бүрчлэн хэлэлцэж, төсөлд эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүдийн саналыг тусгахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ