Салбарын хамтын ажиллагааг Европын Холбоотой улам эрчимжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-04 11:49:35
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Г.Батсуурь Европын холбооноос Монгол Улсад суух Онц бөгөө Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Аксель Никэйзыг өчигдөр хүлээн авч уулзлаа. 


Европын Холбооны гишүүн улс орнуудтай эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, хүнсний аюулгүй байдал, хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэхэд хамтран ажиллах саналтай байгаагаа дэд сайд Г.Батсуурь уулзалтын үеэр илэрхийлэв.


Тухайлбал, 

-Исгэлтийн (ус, ундаа, монгол архи, айраг гэх мэт) болон мах махан бүтээгдэхүүнийг Европын Холбооны улсад экспортлох, техник туслалцаа авах 

-Европын Холбооны улс орнуудтай бодит хамтын ажиллагааг бий болгох, хөрөнгө оруулалт, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх,  хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжиж ажиллах, тэр дундаа хүүхдийн сүү, сүүн тэжээл болон жимс, жимсгэнийн тэжээл боловсруулах  үйлдвэр байгуулах, техник технологийг нэвтрүүлэх, малын бүртгэлжүүлэлт болон Увсын чацаргана, зөгийн бал зэрэг онцлох бүтээгдэхүүнийг газар зүйн заалттай бүтээгдэхүүний жагсаалтад оруулах,

-Хүнсний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн шинжлэх зорилгоор техник, тоног төхөөрөмж, боловсон хүчнийг сургах, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах;

-Арьс ширний үйлдвэрлэлийн салбарт өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, Монгол Улсад арьс ширний үйлдвэрийн техникийн үйлчилгээ, технологи дамжуулах төвийг байгуулах зэрэгт дэмжлэг үзүүлж ажиллахыг санал болголоо.


Мөн цаашид хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг Европын Холбоотой улам эрчимжүүлэхэд анхааран ажиллахаа илэрхийлэв. 


 

Холбоотой мэдээ