БАЯНХОНГОР: Хонгор нутаг дөрвөн Гавьяат цолтноор бүл нэмлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-07-30 07:25:21
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой, “Хангайн бүсийн хурд”, Монгол Улсын Арслан Пагамын Аюушийн мэндэлсний 100 жил, Доктор, профессор Сономын Лувсанвандангийн мэндэлсний 90 жилийн ойн баяр наадмын баяр хурал, хүндэтгэлийн цэнгүүн энэ сарын 29-нд аймгийн Хөгжимт драмын театрт боллоо.
Түүхт их ой, сор хүмүүсийн мэлмий гийсний ойг хамтатган тэмдэглэж буй баярын хурал хүндэтгэлийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн асан М.Билэгт, Ардын багш С.Дулам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай, Д.Бум-Очир нарын зэрэг Хонгор нутгаас төрөн гарсан төр нийгмийн зүтгэлтэн, алдартан гавьяатнууд оролцов. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагнасныг баярын хурлын индэр дээр эрхэм зочид гардуулсан юм.
Мөн үеэр, Оросын Мягмарт Монгол Улсын Гавьяат тээвэрчин, Бадарчын Батжаргалд Монгол Улсын Урлагийн гавьяат Зүтгэлтэн, Лхагвын Борд Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат Ажилтан, Соном-Ишийн Юндэнбатад Монгол Улсын Соёлын гавьяат Зүтгэлтэн цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаар тус тус хүртээснийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар гардуулан өглөө.
Аймгийн Хөгжимт драмын театрын хөгжмийн багш удирдаач, Бадарчийн Батжаргал нь Хөгжимт драмын театр хөшгөө анхлан нээсэн 1977 оноос өнөөг хүртэл 45 жил театртайгаа чацуу амьдрал, уран бүтээлээ холбож явна. Мэргэжлийн урлагийн байгууллагад хөдөлмөр бүтээлээ зориулсан тэрбээр 8 жил хөгжимчнөөр, уран сайхны удирдагчаар 16 жил. Хөгжмийн удирдаач, хөгжмийн багшаар өнөөдрийг хүртэл амжилт бүтээлээр дүүрэн ажиллаж буй.
Л.Бор нь 1976 онд Улаанбаатар хотын Анагаах Ухааны дунд сургуулийг сувилагчийн мэргэжлээр төгсөж ирээд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хуваарилагдан ажилласнаас хойш эрүүл мэндийн салбарт тасралтгүй 46 жил ажиллажээ. Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт ажиллах хугацаандаа нийт 15120 хүнд үйлчилж, ажиллах хугацааны сүүлийн 10 жилд 5242 тохиолдолд хагалгааны сувилагчаар ажиллан ажлын бус цагаар 1221 цаг дуудагдан, алсын дуудлагад 125 удаа явж хагалгааны багтай сумын эмнэлэг болон айлын гэрт газар дээр нь яаралтай мэс засал, төрөх эмэгтэйчүүдийн яаралтай хагалгаанд орж багаараа тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлсэн байна. Тэрбээр ажиллах хугацаандаа сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад анхаарч сувилахуйн багцийн шкаф, хагалгааны өрөөний анхааруулах гэрлэн дохио, хагалгааны өрөөнөөс сувилагч дуудах дуудлагын хонх, хагалгааны цүнх, алсын дуудлаганы багаж материал зөөвөрлөх багц болон геморройн ширээ, багажны тавиурыг шинээр хийж, мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг болох хялбаршуулсан шинэ арга технологийг нэвтрүүлэн ажиллажээ.

С.Юндэнбат нь Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын үндэс суурийг тавилцсан ахмад уран бүтээлчийн нэг бөгөөд Хонгор нутгийн түүх, соёлын судалгааг гүнзгийрүүлэхэд монголын шашин соёлын нэрт зүтгэлтэн Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэндэлсний 360, 370 жилийн ой, Чин сүзэгт номун хан Норовшаравын мэндэлсэний 300, 310 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг санаачлагчдын нэг байж, эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн зохион байгуулж, “Ламын гэгээн шавийн түүх” судалгааны ном, “Чингэс тэнгэрийн тойн” /Эрдэнэ бандид хутагт Лувсанданзанжанцан гэгээнтний тухай/, “Галбингын эгшиг” /Чин сүжигт Норовшарав гэгээнтний тухай/ баримтат кино бүтээсэн юм. 2008 оноос одоог хүртэл Соёлын өвийн төвийн Биет бус өвийг хамгаалах хэлтсийн даргаар ажиллаж уг өвийг бүртгэн баримтжуулах, хадгалж хамгаалах, судлаж, сурталчлах, мартагдсан төрөл зүйлийг сэргээх, хойч үед өвлүүлэх, бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх олон талтай өргөн хүрээтэй ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Баянхонгор аймгийн соёл, урлагийн байгууллагуудыг бэхжүүлэх, аймаг, орон нутгийн түүхийг судлан, олон нийтэд сурталчлах, түүнчлэн монголчуудын оюун соёлын шилдэг илэрхийллүүд тухайлбал “Морин хуур”, “уртын дуу”, “цуур”, “тууль”, “лимбэний битүү амьсгаа”, “монгол гэр”, “монгол уран бичлэг” “шувуучлахуй” зэрэг өвийг ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгэн тунхаглуулахад чухал хувь нэмрийг оруулсаар байгаа юм.
Ташрамд дуулгахад, УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баярын хуралд оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд Баянхонгор аймгийн 20 сумын Засаг даргад Эзэн Богд Чингис хааны эш хөргийг Монгол төрийн далбааны хамт гардууллаа.
Холбоотой мэдээ