Ж.Батзандан: АН-ын ялагдлын шалтгаан нь үзэл санаагүй, үнэт зүйлгүй болсон явдал
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр АН-ын шинэчлэлийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр АН-ын дүрмийн шинэчлэл, үзэл баримтлалын талаар хоёр сарын хугацаанд багтаан 21 аймаг, 9 дүүрэгт үндэсний хэлэлцүүлэг хийх ёстой гэж үзэж буйгаа хэлэв. Мөн уг хэлэлцүүлгийг өнөөдрөөс эхлүүлж, наймдугаар сарын 25-нд товлосон Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар намын даргыг сонгохыг эсэргүүцэж байна гэлээ.
Мөн тэрбээр “Ирээдүйн АН ямар байх ёстой вэ гэдгээ гишүүд, дэмжигчидтэйгээ ярилцмаар байна. АН сонгуульд ялагдсан олон шалтгаан бий. Хамгийн том ялагдал хүлээсэн гол шалтгаан нь сүүлийн найман жил АН-ыг удирдсан хүмүүс намын гишүүддээ үзэл санаа, үнэт зүйлийн талаар нэг ч удаа яриагүй. Тэр ч бүү хэл баруун, зүүн гэж битгий ярь, АН-ын таван фракцын нэгдэл, таван өөр байх ёстой гэж загнадаг байсан. Үүнээс болж үзэл санаагүй, үнэт зүйлгүй болсон. Ийм нам бол үхсэн хүнтэй л адил. Ийм үзэл санаагүй байдал нь сонгуульд ялагдах гол шалтгаан болсон. Тиймээс шинэчлэл хийхээр зорьж байгаа юм бол үзэл санааны шинэчлэлийг хийх ёстой. Үзэл санаа зарчмаа илүү тодорхой харсан шинэчлэл рүү явах ёстой гэж би үзэж байна” гэлээ.
Түүнчлэн АН-ын ялагдлын бас нэг шалтгаан нь фракц нэртэй “чөтгөр”-ийн тойргоосоо сүүлийн 10 жил салж чадаагүй явдал гээд “Нэг фракц нь нөгөө фракцаа ялахын тулд, нөгөөх нь нэгийгээ дийлэхийн тулд дотроо дайтсаар өрсөлдөгчдөө ялагддаг. Фракцын талаар бодлого гаргах ёстой. Фракцын “зодоон”-ыг тас цохисон цоо шинэ дүрэм журмыг гаргах талаар бодлого боловсруулж байна” гэв.
Үүнээс гадна АН сүүлийн 10 жил “цус сэлбээгүй”, шударга гишүүдээ намаасаа хөөдөг болсон гээд намд гадуурхагдсан, мөнгө өгөөгүйнхээ төлөө нэр дэвшиж чадаагүй, фракцад хамрагдаж чадаагүйнхээ төлөө гадуурхагддаг АН-ын гишүүдээсээ уучлалт гуймаар байна гэсэн юм.
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ