СЭЛЭНГЭ: Х.ЖАРГАЛ:Үндэсний өв соёлоо дээдэлж яваа гэдэг утгаараа бүхий л монгол уламжлалаасаа суралцдаг
ӨВ СОЁЛ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Эрүүл мэндийн салбарын цаг
завгүй их ажлын хажуугаар үндэснийхээ их өв соёл болсон сурын харвааг тэр
дундаа буриад сурын харвааг эзэмшиж, хөгжүүлэх үйлсэд хүч хөдөлмөрөө зориулан
яваа нэгэн бүсгүйг онцоллоо. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харъяат, аймгийн
Нэгдсэн эмнэлгийн поликлиникийн тасгийн бага эмч Хандын Жаргал хэмээх харваач бүсгүй
Ардын хувьсгалын 100, 101, Сэлэнгэ аймгийн 90, 91 жилийн ойн баяраараа аймгийн
хошой мэргэн хэмээх хүндэт цолыг хүртсэн юм. Ингээд түүнтэй цөөхөн хором ярилцсанаа
хүргэе.
-За юуны өмнө танд аймгийн хошой мэргэн цолыг
хүртсэнд баяр хүргэе. Сайхан наадав уу?
-Баярлалаа. Сайхан наадлаа.
-Өөрийн тань хувьд 64 сумаас 50 онож буриад
сурын харвааны аймгийн хошой мэргэн боллоо. Буриад сурын харваагаар хичээллээд
удаж байна уу. Анхны аймгийн мэргэн цолоо хэзээ авсан бэ?
-Би буриад сурын харваагаар хичээллээд 7 жил болж байна. Анхны мэргэнээ
2021 оны наадмаар авсан. Энэ жилийн наадмаараа хошой мэргэн цол хүртлээ. Баяртай
байна.
-Өмнөх жилийнхээ амжилтыг алдалгүй давтана
гэдэг бас онцгой чанар болов уу. Үндэсний өв соёл болсон спортоо өвлүүлж байна
уу. Буриад сурынхаа онцлогоос сонирхуулаач?
-Одоохондоо хоёр хүүхэд маань бага болохоор өвлүүлж өгөөгүй. Буриад сурын
онцлог гэвэл 64 сум тавьдаг. Үүнийхээ өмнө нь 32 суманд, өөрөөр хэлбэл
шинэчилсэн дүрмээр бол 22 онож чадахгүй бол хасагддаг болсон. Мөн 48 сумандаа
38 онож чадахгүй бол хасагддаг дүрэмтэй. Ер нь оноо өндөртэй байхгүй бол
хасагдаад шигшигдээд явдаг онцлогтой. Улсын чанартай тэмцээнд эвэр нумаар
ордог. Энэ бол халуунд зөөлрөнө. Хүйтэнд хатуурна. Цаг агаарынхаа нөхцөл
байдалд дасан зохицдог, маш сайн тохирч өгдөг. Дээр нь харваачийн өөрийн биеийн
байдал маш сайн байх ёстой.
-Сурын спортын тамирчин хүний тэр дундаа
үндэсний өв соёл болсон спортоо хөгжүүлж яваа хүний хувьд энэ спортын дэг жаяг,
дагаж мөрддөг чанар, хувь хүний өөрт шингээж буй эрхэм чанараасаа хуваалцаач?
-Сурын харваагаар хичээллэх нь мэдрэмж шаардана. Ер нь харваагаар
хичээллэсэн хүмүүс ах захаа хүндэлнэ. Үндэсний өв соёлоо дээдэлж яваа гэдэг
утгаараа бүхий л монгол уламжлалаасаа суралцана даа. Ахмадаа, өндөр цолтой
хүний өмнө хойгуур гүйгээд байхгүй. Дэг жаягтай, бас их л соёл хүмүүжилтэй
болно шүү. Дээр нь үндэснийхээ дээл хувцсыг бүрэн бүтэн өмсөөд ном ёсоор нь
хэрэглэнэ шүү дээ. Ингэсэн байхад маш гоё харагдана.
-Сурын харвааны төрөл бүр өөр өөрийн гэсэн хувцас
өмсгөлтэй байх шиг?
-Тус тусдаа хувцастай. Бидний өмссөн хувцас бол төрөл бүрдээ өөр өөрийн
агуулгатай өмсгөл байдаг. Буриад сурын харваанд ч бас өөр. Би гэхэд энэ
бүсэндээ давхар зүүсэн сураараа үндэсний сурд хэрэглэдэг сумаа агшаана. Энэ хөөргөний
уутанд эрхийвч, бал гэсэн зүйлээ хийнэ. Малгай гэхэд буриад, үндэсний сурын
харваанд өмсдөг малгайтай. Гутал, дээл бүгд тухайн харвааныхаа өмсгөлийг бүрэн
бүтэн өмсөнө дөө.
-Эрүүл мэндийн салбарын цаг завгүй
хөдөлмөрийнхөө хажуугаар үндэсний спортоо хөгжүүлэх үйлсэд өөрийн хүчээ
зориулан явна гэдэг бас эмэгтэй хүнд зориг тэвчээр шаардсан ажил болов уу. Хэрхэн
зохицуулж, бэлтгэл сургуулилтаа хийдэг вэ?
-Би аймгийн Нэгдсэн эмнэлгийн поликлиникийн тасгийн бага эмч хүн. Ажлаа
тараад оройн цагаар бэлтгэлээ хийдэг. Тэмцээн уралдаанд явахад чөлөө зөвшөөрөл
өгдөг, дэмжиж тусалдаг НЭ-ийн удирдлагын багийн хамт олондоо, аймгийн Спорт
хорооны удирдлага хамт олондоо маш их баярлалаа гэж хэлье.
-Буриад сурын харвааг онцолж харвах болсон учир
юу вэ?
-Манай Сэлэнгэ аймаг өөрийн онцлогтой хилийн бүс аймаг. Дээр нь хоёр улсын
хоорондын Буриад зон олны их наадам болсон Алтаргана наадам 2 жилд нэг удаа
болдог. Мөн Эв модны наадам бас 2 жилдээ нэг удаа зохион байгуулдаг. Энэ
наадмуудад аймгаас буриад сурын баг оролцдог. Манай аймаг чинь 3 сураараа
нааддаг цөөхөн аймгийн нэг. Тэр онцлогоороо анх суранд орохдоо л шууд буриад
сурын харваагаар орно гээд л орсон тэр чигээрээ л явж байна. Алтаргана наадамд
2016, 2018 онд, Эв мод наадамд бас 3 удаа оролцсон. Сүүлд Алтанбулагт болсон Эв
модны наадамд буриад сурын харваагаараа оролцож тэргүүн байр эзэлсэн.
-Улсын наадамд сум тавьж байв уу?
-Улсын наадамд буриад сурын нээлтийн болоод хаалтын харваа гэж болдог л
доо. Түүнд оролцож байсан. Ер нь зохиогдож
байгаа харваануудад ордог. Тэндээсээ шагналт байруудад орж байсан. Нэг
удаа хаалтын харваагаар 5-р байрт нээлтийн харваагаар 4-р байрт орсон амжилттай
байгаа.
-За баярлалаа. Улсын цолонд хүрэхийн ерөөл тавья.
