ХОВД: 1000 гаруй хүн бий биелгээ, морин хуур, хөөмий, уртын дуу сурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-07-12 10:55:47

Ховд /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн баяр наадам нь Зэвсэгт хүчний 123-р ангийн үлээвэр найрал хөгжим эгшиглэж, хүндэт харуул Монгол Улсын төрийн далбааг цэнгэлдэх хүрээлэнгийн төвд залснаар эхэлсэн.  

Энэхүү үйл ажиллагааны нээлтэд Хөгжимт драмын театрын уран бүтээлчид, ардын авьяастан, сурагчид оролцож, олон үндэстэн угсаатны өв соёлыг илтгэн харуулсан “Алтайн магтаал” хайлж,  урлагийн тоглолт сонирхууллаа. 


Ховд аймагт 10 гаруй угсаатны бүлэг аж төрж байгаатай холбогдуулан өв соёлыг хадгалан үлдэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор  “Олон үндэстэн угсаатны өв соёл”  аймгийн дэд хөтөрбөрийн  хүрээнд сурагчид болон зарим сонирхсон иргэдэд морин хуур хөгжим тоглох,  бие билгээ хийх, хөөмий, уртын дуу дуулах аргачлалыг зааж сургаж байна.  

Уг ажлыг хэрэгжүүлсэн 10-аад сургагч багш, 1000 гаруй суралцагчийг энэ жилийн баяр наадмын нээлтэд оролцуулж, авьяас чадварыг нь хөгжүүлж, олон нийтэд танилцуулснаараа онцлог байв.  

Наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцсон морин хуурчдын хамгийн ахмад хуурч 45 настай.  Хамгийн залуу нь 10 настай байлаа. Морин хуурчид наадмын нээлтээр “Тунгалаг буянт” дууг эгшиглүүлэв.  

Олон угсаатны өв соёлын салшгүй нэг хэсэг нь бий бийлгээ. Бий биелээчдийн хамгийн ахмад нь 80 гаруй настай, хамгийн залуу нь 4 настай байв.

Ховд аймгийн Цэцэг сумыг уран нугараачдын өлгий хэмээдэг. Тухайн сумаас үүсэлтэйгээр түгэн дэлгэрсэн “Уран нугаралт”-ын үзүүлбэрт  оролцсон хүүхдүүдийн  хамгийн бага нь 4 настай нугараач байлаа. 

Уртын дуу бүр шуранхай, үг аялгуу өрнөл, төгсгөлөөрөө өөр өөрийн онцлогтой. Ховд аймгийн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцогчид  Өөлд ардын уртын дуу “Өндөр алтайн нутаг”  дууг нэгэн зэрэг дуулсан.  Уртын дуучдын хамгийн ахмад нь 83 настай бол хамгийн залуу нь 6 настай байв.        

                            

Холбоотой мэдээ